АТГ-т олон жилийн өмнөөс шалгуулсан ч эцэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа хоёр ч аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хэргийг шүүх хэлэлцэхээр дахиад товложээ. Үүний нэг нь Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч хуралд оролцох иргэдийн төлөөлөгч нь ирээгүйгээс ирэх сарын 19-ний 09.30 цаг хүртэл хойшлууллаа. Эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удаа дараа шийдвэрлэлгүй буцаасаар байсан юм.
Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлэн, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар татсан байдаг.
Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн. Эл хэрэгтэй хамт Т.Батсүхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүрээлэнгийнхээ төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг хамтатган шийдвэрлэх юм.
Мөн энэ өдөр дээрх шүүхэд Баянхонгор аймгийг удирдаж байсан хүмүүсийн авлигын хэргийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч бас л хойшлуулжээ.
Тус аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургаадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд ийм хэмжээний мөнгө хахууль болгож өгсөн гэдэг. Тэдэнтэй хамт ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нарыг буруутган АТГ-т шалгасан юм. Засаг дарга асан Г.Батжаргалын тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилга, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр ажилладаг найз С.Мөнхболдынхоо эзэмшлийн “Агьхаарвист” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээлж, өөрөө баталж, тус аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэдэг газарт 318 га талбайд ашигт малтмал олборлох эрх олгож давуу байдал үүсгэсэн байдаг. Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Батжаргалыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан үйлдэлд нь тус бүр 15, нийт 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хасжээ. Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая, Д.Ихбаярыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хязгаарласан байна. Д.Сайнбилэгийг 4.5 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр, З.Эвлэгсайханыг таван сая, С.Мөнхболдыг 10 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах ял оноожээ. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр, Д.Ихбаяр, З.Эвлэгсайхан нарын хахуульд өгч, авалцсан 100 сая төгрөгийг тэднээс тэнцүү гаргуулж, улсын орлогод хураахаар шийдвэрлэж байсан билээ. Гэвч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дахин шийдвэрлүүлэх гэж буй нь энэ.