Ирэх сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байх бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон сарын дунд, төгсгөл орчимд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэм хүйтэн байх нь. Харин бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон түүнээс бага зэрэг дулаан байх төлөв гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 10-даар ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах гэнэ. Харин сарын сүүлчээр бага зэргийн цастай, салхи, шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж буй аж. Тиймээс хол замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас зөвлөсөн юм. Мөн баруун аймгуудын ихэнх сумын нутагт зудын нөхцөл, байдал үүсжээ. Зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс чийг хуримтлуулаагүй тул салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Иймд малчид өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд анхааруулав.
Ч.Болор