“Боловсролын тухай буу халъя” уриатай “Цонхтай цаг” подкастын хөтлөгч, боловсрол судлаач Э.Сүндарь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ном хандивлах аяныг эхлүүлсэн билээ. Тус төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд улсын хэмжээнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хамт хэвтэн эмчлүүлдэг уг төвд багачуудыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь номын сан хамгийн чухал гэдгийг Э.Сүндарь онцолсон. Тэрбээр хуучин болон шинэ бүх л төрлийн номыг энэ сарын 27 хүртэл хүлээн авах бөгөөд шинэ оны өмнөхөн хүлээлгэн өгөх юм байна. Одоогоор 0-18 насны хүүхдүүдэд зориулсан 100 гаруй ном цугларчээ. Шинэ жилээр нэг ч гэсэн хүүхдийг баярлуулахыг хүсвэл ном хандивлаж болох нь. Тодруулбал, шуудангийн 44 дүгээр салбар, 566 дугаар хайрцаг болон “PP box-033” дугаар салбараар дамжуулан ном хандивлаарай.
Ч.Туяа