Боловсролын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг баталсан талаар өчигдөр Боловсролын яамнаас мэдээлэл өгөв. Боловсролын сайд П.Наранбаяр “Цахим хэрэглээний зардлыг хувьсах зардалд нь шингээж бүх сургуульд хүргэж байна. Цахим журнал хөтлөх, дүн, бүртгэл зэрэг бүх үйлчилгээг ямар компаниар гүйцэтгүүлэхээ тухайн сургуулийн зөвлөл шийдвэрлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт цахим системд ажиллаж буй мэдээллийн технологийн компаниудын өрсөлдөөнийг шударга, нээлттэй, багш, хүүхдүүдэд хүргэх үйлчилгээг чанартай болгох зорилгоор энэ журмыг баталлаа” гэв. Мөн Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга “Номын сан, үдийн хоол, бүртгэл, хяналтын бүх үйлчилгээг аль байгууллагад даатгахаа сургуулийн зөвлөл шийдвэрлэх юм. Сургууль бүрд багш, эцэг, эх, орон нутгийн төлөөлөл оролцсон зөвлөл байх ёстой. Тэд хамтын шийдвэрээр компанийг сонгох юм. “Цахим дэлгүүр”-ийн жагсаалтад байхгүй компанитай гэрээ байгуулсан тохиолдолд хууль бус гэж үзнэ. Төрийн өмчийн бүх сургалтын байгууллагын удирдлагад энэ журмын талаар мэдээлэл хүргүүлсэн” гэв. Тус яамны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ “Боловсролын цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг хувийн хэвшлийн байгууллагад 100 хувь даалгаж буйгаараа онцлог. Ингэснээр Боловсролын яам сургууль болон анхан шатны байгууллагын мэдээллийн системийн үйл ажиллагаанд оролцохгүй. Хувийн хэвшлийнхэнд 2500-3000 байгууллагатай хамтран ажиллах боломж олгож байна. Хувийн хэвшлийн гүйцэтгэж буй ажилд төр оролцохгүй” гэв.
Ч.Туяа