Төгөлдөр хуурын даруулд гараа анх хүргэсэн хүү минь “Ээж ээ, би ёстой мундаг тийм ээ. Дараа би танд гоё хөгжим тоглож өгнө өө” хэмээн онгироход нь “Миний хүү мундаг. Чадна. Ээж нь заавал сонсоно” гэж хариулчихаад мөрөөдлийнх нь даль жигүүр үргэлж ийм хүчтэй, бас эрүүл, улам том болоосой гэж хүссэн.
Миний хүүтэй адил мянга мянган хүүхэд ч бас мөрөөдлөө биелүүлж, илүү том оргил руу тэмүүлж, бүтэхгүй, болохгүйн зовлон үзэлгүй өөдрөг яваасай гэж хүснэ. Хөгжмийн аялгуу нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч үргэлж ямар нэг зүйл түүнээс ундарч, сэтгэлийг соронзон мэт татдаг шидтэй.
Тиймдээ ч хөгжмийн боловсролтой болох гэж л төгөлдөр хуурын дугуйланд явсан хэрнээ энэ мэргэжилд урваж, ирээдүйд урлагийн хүн болно хэмээн сонгочихсон нэг нь ч бий. Харин зарим нь удам дагасан авьяас, багаас нь бий болсон хөгжмийн онцгой мэдрэмжээ хөглөн урлагтай амьдралаа холбодог.
Тэдний нэг нь С.Саянцэцэг. Хөгжмийн зохиолч аавын охин болж төрөөд таван настайдаа мэргэжлээ сонгож, мөрөөдлөө биелүүлэхээр 15-тайдаа Оросыг зорьж байсан энэ бүсгүй өдгөө хүүхэд, багачууд болон хөгжмийн урлагт хайртай залуусын мөрөөдлийг биелүүлдэг хөтөч, өөрөөрөө үлгэрлэсэн алтангадас болжээ.
“Зулай цагаан алтай”-гаараа овоглодог, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд, дээд сургууль дүүргэсэн тэрбээр Москва, Софи, Мексик, Мадрид, Ёкохама, Эквадор зэрэг олон хотын концертийн танхимд тоглосноос гадна сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.Бас Москвад суут төгөлдөр хуурч Рихтерийн музейд тоглож байснаа тэр хэзээ ч мартдаггүй гэнэ. Тэр музей нь Оросын алдар цуутай цөөхөн хүрээний тусгай үзэгчтэй, хэр баргийн хүнийг тоглуулдаггүй газар юм
Социализмын үед залуухан багш Т.Цолмон (одоогийн ардын жүжигчин) авьяаслаг шавь С.Саянцэцэгтэйгээ олон улсын уралдааны тухай мөрөөдөн ярьдаг байж. Харин одоо бол шавь нь олон улсын хэмжээний хөгжмийн уралдаан, наадам зохион байгуулдаг болсон.
Тэр ч бүү хэл 1999 онд Испанийн Уэска хотод анхны уралдаанаа зохион байгуулахдаа багшийгаа зочин шүүгчээр урьсан байдаг. Түүнээс хойш нэлээд хэдэн жил багшаараа уралдаанаа шүүлгэж байгаад сүүлийн жилүүдэд ХБК-ийн залуу багш нарыг урьж, оролцуулах болжээ.
Энэ нь тэдэнд бусдын туршлагаас суралцаж, өөрийн улсын сонгодог урлагийн түвшин ямар байгааг харуулах сайхан боломж юм. С.Саянцэцэг ОХУ-д 10 жил сурч, амьдраад тэндээ ирээдүйн гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, Испанийг зорьжээ.
1993-1999 онд тэрбээр байнга тоглолт хийж, үзэгчид ч түүнийг тэсэн ядан хүлээдэг болсон байна. Энэ үед түүний амьдардаг Уэска хотын захиргаанаас Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлжээ.
Түүнээс хойш хотын захиргаатай хамтран тасралтгүй ажилласаар энэ оны нэгдүгээр сард тэрбээр нөхөр Ричардынхаа (төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш) хамт Уэска хотод 11 дэх удаагаа уралдаанаа зохион байгуулсан.
Өдгөө эл уралдааны нэр хүнд улам өсөж хөгжмийн чиглэлээр суралцдаг хүүхдүүд бие биетэйгээ санал бодлоо солилцон, өөрийн давах нэгэн шалгуурыг болгон үздэг болсон байна. Европт эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлж байгаа ч тус хотын захиргаа үргэлж энэ уралдааныг дэмжсээр иржээ.
Харин Бенаске хотод тэрбээр зургаан жилийн өмнөөс “Beyond the music” хөгжмийн наадмыг хийх болсон юм. Мөн л хотын захиргааны санхүүжилтээр хийдэг наадам зургадугаар сарын 21-30- нд болж өндөрлөсөн байна.
Энэ жил анх удаа наадмынхаа хүрээнд төгөлдөр хуурын дөрвөн гарын болон цөөхүүл хөгжимчдийн уралдаан зохион байгуулжээ. Орос, Монгол, Испани, Грек, Австрийн 50 орчим хөгжимчдийг нэгтгэсэн энэ наадмыг сонгодог урлагийн том баяр гэж болно. Хөгжимчид урьдчилан хөтөлбөрөө бэлтгээд нэгдэж дөрөв хоног бэлтгэл хийсний дараа тоглолт хийдэг аж.
Мөн жил бүр улс улсын зочин багш нарыг урьж, оролцогч нартаа мастер класс сургалт өгдөг. Энэ жил анхлан зохион байгуулсан дөрвөн гарын төгөлдөр хуурын уралдаанд Монголын оролцогчид түрүүлж, удаах байрыг ОХУ, Монгол Улсын хөгжимчид хуваан эзэлсэн байна. “Шинэ Монгол” сургуулийн сурагч Н.Энхсаруул, ХБК-ийн сурагч Э.Энхманлай нар хамтран тоглож тэргүүлсэн бол эгч, дүү Наранзул, Нандингуа нар хоёрдугаар байрт шалгарчээ.
Харин энэ уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан Японы алдарт төгөлдөр хуурч Шүкү Ивасаки монгол хүүхдүүдийн амжилтаар бахархаж, онцгойлон баяр хүргэснээс гадна Н.Энхсаруулд тусгайлан хичээл заасан гэсэн. Мөн багшаар уригдаж ирсэн Голландын хөгжимчин Э.Энхманлайг онцлон, хэтдээ Голландад сурахаар ирвэл тусалж дэмжихээ илэрхийлжээ.
Мөн шилдэг хөгжимчин болох ирээдүй бийг ч хэлсэн байна. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг 1995 онд Испанид хөгжмийн хувийн сургуулиа нээж байсан бол гурван жилийн өмнө нутагтаа ирж ХБК, СУИС-д багшлахын зэрэгцээ гэрээрээ сургалт явуулж, шавь нартай болсон.
Тэрбээр аавынхаа захиасыг биелүүлэхээр нутагтаа ирсэн юм билээ. Аав нь түүнд “Миний охин нутагтаа ир. Их юм сурч мэдсэн бол эх орондоо, ард түмэндээ хүргэж, хуваалцах хэрэгтэй” хэмээн хэлсэн учраас тэрбээр нөхөртэйгээ ярилцаж, Монголд амьдрахаар шийджээ.
Харамсалтай нь, аав нь охиноо нутагтаа ирж суурьшихыг үзэж чадалгүй хорвоогоос гэнэтхэн л буцчихсан. Харин одоо Саяа ээждээ түшиг болж, эх орондоо мэдлэгээ зориулж, шавь нарынхаа замыг засалцан хамт зүтгэхээр шийдчихээд байгаа юм.
Сонгодог урлагийг дэмждэг өндөр хөгжилтэй улсад амьдарч байсан түүний хувьд Монголын урлагийн орчинд дасах амаргүй байсан. Тоглолт хийсэн ч тасалбараа өөрөө борлуулж, зарлалын хуудсаа хэвлүүлнэ. Ивээн тэтгэгч бараг олдохгүйн зэрэгцээ үзэгчид ч тэр бүр цуглахгүй.
Энэ бүх бэрхшээлийг биеэрээ мэдэрч, туулж, бухимдахдаа бухимдаж гурван жилийг ардаа үджээ. Мэдээж энэ бүхэн хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө. Түүний зааж, замчилсан бас зохион байгуулсан уралдаанд нь оролцож байсан олон шилдэг хөгжимчин мэргэжлийнхээ ур чадвараар гайхуулж яваа. Зарим нь эх орондоо ирэхээр ч зэхэж байна.
Ийм сайхан хөгжимчид байгааг, тэд эх нутагтаа сонгодог урлагийг хөгжүүлж, дэлхийн чихийг дэлдийлгэж” чадахыг төрийн түшээд ч ойлгох нь дамжиггүй. Тэр хүртэл Саяа багш шавь нартаа хорвоо дэлхий уужим, урлагийг дэмждэг, урамшуулдаг улс бий, бас бусдаас суралцах боломж байдгийг үзүүлж, тэднийг дагуулан, уралдаан, наадмаа зохион байгуулж явна.
Испанид очоод ирэхдээ хүүхдүүдийн хүсэл тэмүүлэл улам нэмэгдэж, өрсөлдөгч шигээ, эсвэл гадаад багш нар шигээ болно гэсэн зорилго тээдэг. Урлагийн орчинд хэдхэн хоног амьдраад ирсэн ч биеэ авч яваа байдлаасаа эхлээд олон талын хүмүүжлийг өөртөө суулгачихсан байдаг.
Бас “Багш аа, та яагаад Монголдоо ийм үйл ажиллагаа хийж болдоггүй юм бэ” гэж асууж, зарим нь “Хийгээч” гэсэн хүсэлт тавьдаг аж. Харамсалтай нь багшлах, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ бүх зүйлийг өөрөө хариуцан хөгжмийн наадам хийнэ гэдэг амаргүй.
Дэмжлэг, туслалцаа үзүүлбэл С.Саянцэцэг багш эх орондоо олон хэлийн зочдыг урьж, уралдаан, наадам хийхэд бэлэн байгаа гэсэн. Саяа багш шавь нараа мэргэжлийн сургуулийнх, эсвэл сонирхогч гэж ялгах дургүй.
Хүсэл тэмүүлэл, авьяас нь байгаад хэн сайн гүйцэтгэж байгааг л чухалчилдаг гэсэн. Түүний шавь нарын дунд дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Э.Есүй бий. Испанийн Бенаскед болсон наадмын үеэр тэр бяцхан шавь нь хөгжим тоглосноос гадна Ч.Сангидорж агсны “Миний ээж тэмээчин” дууг олны хүртээл болгож, танхимд цугласан үзэгчдийг уйлуулсан гэсэн.
Түүнчлэн энэ уралдаанд зөвхөн өөрийн шавь нараа оролцуулдаггүй бөгөөд ХБК-ийн хийлийн чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Испанид тоглуулсан нь ч бий. Урлагт дурлаж, үнэнч байхыг хүсэж байгаа бяцхан шавь нарынхаа зүрхэнд алсын одыг ойртуулж, мөрөөдөл биелдгийг өөрөөрөө үлгэрлэсэн багш С.Саянцэцэг дараа жил Уэскад болох уралдааны бэлтгэлээ хэдийнэ эхлүүлжээ.
Бас тоглоочийн карьераа хойш тавилгүй, ирэх жил ОХУ-ын алдарт удирдаач Валерий Хлебниковын урилгаар төгөлдөр хуурч Александр Яковлевийн хамт аялан тоглолт хийхээр зэхэж байна. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг ийм мундаг удирдаачаас урилга хүлээн авчихаад өөртөө ч итгэхгүй байсан бөгөөд эндүүрээгүй байгаа хэмээн интернэтээс мэдээлэл шүүж шалгасан гэсэн.
И.С.Бахын мэндэлсний 330 жилийн ойд зориулан Улаанбаатар, Эрдэнэт болон ОХУ-ын хотуудад хийсэн тоглолтыг нь шимтэн үзсэн хүмүүсийн дунд Валерий Хлебников удирдаач байсан бөгөөд үзэгчид арван минутын турш тасралтгүй алга ташиж, гурвантаа дахиулж байсан тэр тоглолтын дараа төгөлдөр хуурчдад урилгаа илгээж 2015-2016 он дамнасан аялан тоглолт төлөвлөжээ.
Монголын төгөлдөр хуурч хэмээн зарлуулан эх орныхоо нэрийг өргөж явсны зэрэгцээ, Испанид олон улсын хоёр ч том арга хэмжээ зохион байгуулдаг ийм авьяаслаг хөгжимчин бийг тийм ч олон хүн мэдэхгүй.
Магтаал ихэдвэл таагүй ч, хийж бүтээж яваа нэгнээ урамшуулж, олонд таниулахын тулд энэ нийтлэлийг уншигч танд өргөн барилаа. 25 жилийн турш дэлхийн алдартай тайзнаа тоглож, эх орноо алдаршуулсан төгөлдөр хуурчаа бид анзаарахгүй л явна.
Гэсэн ч тэр хэнээс ч гуйлгүй ирээдүй хойчоо хөтөчлөн бүтээж туурвисаар л явна. Монголын сонгодог урлагийн түүх харьцангуй залуу хэдий ч ийм ахархан хугацаанд ихийг амжуулчихсан авьяастан бидний дунд байгаа юм шүү.
Ж.СОЛОНГО