Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69 670, орон нутагт 5788 аж ахуйн нэгж, байгууллагын 52 480 камер ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 14 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага 122 150 хяналтын камер суурилуулсан бөгөөд үүний 85 хувь нь хэвийн ажиллаж байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан юм. Аалзны тор мэт хэрсэн эдгээр камерыг теле камерын хяналтын нэгдсэн удирдлагын төвд хянах гэнэ. Тодруулбал, Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээх талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн билээ. Өнгөрсөн онд гэхэд л Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камер шинээр суурилуулжээ. Мөн есөн дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж эхэлсэн байна.
Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүрэгт дэд төв шинээр байгуулсан. Системийн туршилт хийж байна. Харин Сүхбаатар дүүрэгт дэд төвийн барилгыг барьж байгаа, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрхэд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул ажлыг нь түр хойшлуулсан” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, гудамж талбай, нийтийн орон сууц, гэр хороолол, СӨХ, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв зэрэг байгууллагын бүх төрлийн камерыг дэд хяналтын, цаашлаад нэгдсэн удирдлагын төвд холбох юм байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэтэл үүний цаана хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, мөрдөж мөшгөх, цахим гадуурхалтад өртүүлэх, хэлмэгдүүлэх, гэмт хэрэгт хилсээр гүтгэх зэргээр эрхийг нь ноцтой зөрчих эрсдэл байсаар. Ийм тохиолдол ч цөөнгүй гардаг. Тухайлбал, цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг мөрдөж мөшгөсөөр “олсон” тохиолдол гарсан юм. Тэрбээр энэ талаараа ХЭҮК-т гомдол гаргажээ. Үүнд “Миний бие твиттер сүлжээнд өөрийн хаягнаас нэр бүхий банкны үйлчилгээний талаар бичвэр оруулсан юм. Гэтэл тус банкнаас надтай холбогдож, бичсэн бичвэрээ устгана уу гэсэн. Твиттер хаяг маань өөрийн нэрээр биш байхад миний хувийн мэдээллийг (нэр, утасны дугаар) хаанаас олж холбогдсоныг лавлахад “Жиргээ оруулсан цагаар нь камерын бичлэгээ шүүгээд таны мэдээллийг олж аваад холбогдлоо” гэж хариулсан. Миний овог, нэр, утас нийтэд ил мэдээлэл биш. Камер шүүгээд л олно гэж байхгүй. Тиймээс тухайн банк Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан миний хувийн болон захидал харилцааны эмзэг мэдээллийг зөвшөөрөлгүй, өөр зорилгоор ашиглаж, цуглуулсан үйлдлийг шалгаж өгнө үү” гэж бичсэн байжээ. Энэ талаар комисс нэр бүхий банканд шаардлага хүргүүлэхэд зөрүүтэй мэдээлэл өгчээ. Банк Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж комиссоос үзсэн байна. Тус банкны хуулийн зөвлөх “Энэ хүний мэдээлэл нь банканд хадгалагдаж байгаа бөгөөд бид харилцагчтай ерөнхий гэрээ байгуулдаг. Уг гэрээний дагуу харилцагч мэдээллээ банканд өгч, банк гэрээний дагуу тухайн хүний мэдээллийг өөртөө агуулж байна. Бид гуравдагч этгээдэд хүний хувийн мэдээллийг өгөөгүй тул хэрэглэгчтэй холбоо барьсан үйлдлийг хувийн мэдээллийг ашигласан гэж үзэхгүй” гэх тайлбар өгчээ. Харин комиссоос хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээний нөхцөлд хяналт тавихаар Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл, Онлайн үйлчилгээний гэрээ, Харилцагчид үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Харилцагчийн мэдээллийг ашиглах, харилцагчийн мэдээлэлд нэвтрэх тухай, Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглах журам зэрэг баримт бичиг ирүүлэх хугацаа заасан албан хүсэлт хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Мөн комиссын зүгээс тухайн иргэний нийтэлсэн бичвэр, зургаас үүдэн гарах эрсдэл нь тэдгээрийг устгахыг шаардах гарцаагүй нөхцөл үүсгээгүй, хувийн мэдээллийг хуулиар зөвшөөрсөн зорилгоос гадуур цуглуулж, ашиглах нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн байна. Харин банк иргэний хэн болохыг тогтоож, захидал харилцааны мэдээллийг олж авч, цахим орчинд нийтэлсэн үзэл бодлыг нь хязгаарлах зорилгоор холбогдсон үйлдэл нь Монгол Улсын иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэж буй юм. Энэ үйлдэлдээ тухайн банкныхан албан ёсоор уучлалт гуйх, дахин ийм зөрчил гаргахгүйн тулд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглах тухай дотоод журмыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулах буюу шинэчилж, хувийг комисст ирүүлэх тухай шаардлага хүргүүлсэн байна. Гэвч “чих хатуу” байгууллагууд комиссын шаардлагыг үл тоож, хүний эрхийг зөрчсөөр байна.
Хэдийгээр эмнэлэг, банк зэрэг үйлчилгээний байгууллагад иргэд бид хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрдөг ч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд энэ мэтээр халдаж, мөрдөн мөшгөхөөс өөрцгүй байдалд оруулж буй нь айдас дагуулна. Ийм явдал хэнд ч, хэзээ ч тохиолдож мэдэх нь. Хэдхэн сарын өмнө “Интермед” эмнэлэг хакердуулж, 30 мянга гаруй үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг гаднынханд алдсан. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад хэдэн тэрбумаар нь зарцуулдаг гэх хувийн хэвшлийн томоохон эмнэлэг үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг алдаж байхад бусад нь ямархуу байдалтай буйг хэлэхэд бэрх. Гэтэл амар амгалан, аюулгүй орчныг бүрдүүлэх нэрээр нийслэлийн булан тохой бүрд хяналтын камер суурилуулан, иргэдийн мэдээллийг хэрхэн ашиглах нь тодорхойгүйгээр их хэмжээгээр цуглуулж байгаа нь айдас дагуулахын зэрэгцээ хувийн мэдээллийг бусдад алдахгүй гэх баталгаа алга.
Мөн өнгөрсөн онд нэгэн сургууль хувцас солих өрөөндөө камер суурилуулсан гэх гомдол ХЭҮК-т ирсэн байна. Үүний дагуу тухайн сургуулийн хориглосон газар байршуулсан камерыг хураан авчээ. Хувцас солих, ариун цэврийн өрөө, караоке, зочид буудлын болон эрүүл мэндийн тусламжийн өрөө, саун зэрэг хүний чөлөөтэй байх газарт дуу, дүрсний бичлэг хийх, камер суурилуулахыг хориглодог билээ. Хэрэв хориглосон газарт камер байршуулбал Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ талаар ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Замилангаас тодруулахад “2024 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс 33 гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн. Комиссын гишүүний таван зөвлөмж, хоёр шаардлагыг хүргүүлсэн. Мөн гомдол, мэдээллийн мөрөөр таван удаа хяналт шалгалт хийлээ. Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бид хяналтын камер хүний эрхийг зөрчиж буй, эсэхэд өргөн хүрээний хяналт шалгалт хийж байгаа. Тодруулбал, “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 11 чиглэлийн хүрээнд олон улсын, үндэсний экспертүүдийн оролцоотой явуулж байна. Эхний үр дүнг зөвлөмжийн хамт Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгахаар ажиллаж байгаа. Хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад илэрсэн зөрчил, сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний тухай бүртгэл хөтөлж, үүнийгээ жил бүрийн нэгдүгээр сард багтаан манай байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэв. Мөн тэрбээр дуу, дүрсний бичлэг нь тухайн хүний мэдээллүүдийг цуглуулж, тодорхойлох боломжийг олгодог. Энэ нь тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлж, биометрик мэдээллийг нь цуглуулах эрсдэлтэйг хэлсэн юм. Техник хэрэгсэл ашиглан гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг биометрик мэдээлэл гэж тодорхойлдог.
2016-2020 онд хэрэгжүүлсэн “Аюулгүй хот” төслийн хүрэээнд Улаанбаатар хотод царай таних төхөөрөмж суурилуулах гэж буйг Л.Галбаатар тэргүүтэй хуульчид эрс эсэргүүцэж байв. Энэ асуудал тэгсхийгээд намжсан ч одоогийн суурилуулсан камерууд хүний царай таньж, тогтоон, дата үүсгэхээр программчлагдсан байхыг үгүйсгэхгүй. Хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаан ашиглаж хаана, хэзээ, хэнтэй уулзсан зэргийг хянах боломжтой үед бид амьдарч буй. Ялангуяа манай хойд, урд хөрш царай таних систем нэвтрүүлж, иргэдээ цагдан хянадгаараа алдартай. Тухайлбал, ОХУ-ын Москвад хэдэн мянган камер нүүр царай таних технологитой холбогдсон байдаг. 2021 онд улс төрийн жагсаалд оролцсон хүмүүсийг танихад эдгээр камерын системийг ашигласан нь иргэдийн хувийн нууц, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж шүүмжлэлд өртсөн. Харин БНХАУ дэлхийн хамгийн том хяналтын камерын системтэй гэдэг. Тус улс ирэх онд 540 сая гаруй камер ашиглахаар төлөвлөсөн гэх. Камеруудыг царай таних технологи, хиймэл оюун ухаантай хослуулан ашиглаж, иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг нарийвчлан хянадаг юм байна. Түүнчлэн Британи нэг хүнд ногдох камерын тоогоороо тэргүүлдэг. Царай таних технологи ашиглаж, гэмт хэрэгтнүүдийг хянах системийг турших явцад гэмгүй иргэдийг андуурч, хянасан зөрчил арав гаруй жилийн өмнө тус улсад гарч байжээ. Манай улсад ч ийм зөрчил гаргахгүй гэх баталгаа байхгүй. Тэр дундаа хэрэглэж буй хяналтын камерын дийлэнхийг БНХАУ-аас оруулж ирж буй энэ үед. Тэдгээр камер нь царай таних технологитой гэх хардлага хүний эрхийн хамгаалагчид болон иргэдийн дунд байсаар. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайгаас эхлээд айл өрх, албан байгууллагын камеруудын мэдээллийг зөвхөн хууль ёсны дагуу ашиглаж буй, эсэхийг хэн хянаж байгаа нь тодорхойгүй. Камеруудыг хаана байршуулсан, аль улсаас оруулж ирсэн, ямар “ид шид”-тэй гэх мэт мэдээлэл ч бүрхэг. Тиймээс нийслэлд байршуулсан олон зуун “нүд”-нүүд иргэдийг мөрдөн мөшгөж буйг үгүйсгэхгүй аргагүй.