Ачааг зөв өргөөгүйгээс нуруу гэмтэх тохиолдол элбэг аж. Тиймээс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, доктор Д.Батлхам “Бүсэлхий нурууны өвөрмөц бус, архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн заслын үр дүн” судалгааныхаа хүрээнд зөвлөмж боловсруулжээ. Тухайлбал, хүнд ачааг өргөхдөө бүрэн сууж, доод мөчинд биеийн жинг төвлөрүүлэх хэрэгтэй аж. Ингэснээр багана нуруунд ирэх ачааллыг бууруулж, механик гэмтлээс сэргийлнэ. Харин хүнд ачаа өргөхдөө доош бүрэн суухгүй, эсвэл шууд бөхийх нь багана нуруунд ирэх ачааллыг нэмэгдүүлж, механик гэмтэл үүсгэдэг байна. Ийм шалтгаанаар багана нуруу бага багаар гэмтдэг. Мөн хүнд ачаа өргөх үедээ биетэйгээ аль болох ойр барих нь нуруунд ирэх ачааллыг бууруулдаг гэв. Харин хүнд ачаа өргөхдөө биеэсээ хол барих нь багана нурууны ачааллыг нэмэгдүүлнэ.
Үүний талаар судлаач Д.Батлхам “Нэг хөдөлгөөнийг давтан хийдэг буюу хүнд ачаа зөөдөг хүмүүсийн нуруу гэмтэх нь түгээмэл. Бага багаар гэмтсээр энэ нь хүнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс үе хамгаалах техник буюу ачааг зөв өргөх, олон цагаар сууж ажилладаг хүмүүсийн хувьд багана нурууны ачааллыг зохицуулахад анхаарах хэрэгтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа энэ мэт зөвлөмжийг баримталж, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангадаг, эсэхийг тодрууллаа. “Оюутолгой” компанийн зөвлөмжид ачаа өргөж яваа үедээ бүсэлхийгээр эргэхээс зайлсхийхийг дурджээ. Мөн овор хэмжээ ихтэй эд зүйлийг зөөхдөө тоног төхөөрөмж ашиглах, эсвэл хэн нэгэнтэй хамтарч өргөх хэрэгтэйг зөвлөсөн байна. Түүнчлэн нурууны булчингууддаа ачаалал өгөх бус, хүндийн хүчийг хөлөндөө төвлөрүүлэх нь чухал аж.
Нүүлгэлтийн компаниудтай холбогдож ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөмж, тэр дундаа ачаа өргөлтийн зөв техникийн талаар танилцуулдаг, эсэхийг лавлалаа. “Төгс мастер” нүүлгэлтийнхэн “25 кг-аас дээш жинтэй ачааг заавал сууж өргөхийг зөвлөдөг. Мөн ачааг өргөөд алхах бус, тэргэн дээр тавиад түрж ачааллаа хөнгөвчилдөг” гэлээ. “Тулга” нүүлгэлтийнхэн “Ачаа өргөх техникийн зааварчилгааг ажлаа эхлэхээс өмнө өгдөг. Ихэнх тохиолдолд өргөлтийн тоног төхөөрөмж ашигладаг учраас ачаалал харьцангуй бага” гэв. Харин нүүлгэлтийн компаниудад ажилладаг хүмүүс “Байгууллагууд аюулгүй ажиллагааны зөвлөмж өгдөггүй” хэмээж байлаа.
А.Үүл