24 дэх удаагийн “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 13-23-нд зохион байгуулна. Мөсний баяр өнгөрсөн жилүүдэд 2-3 өдөр болдог байсан бол энэ оноос 10 хоногийн хугацаанд үргэлжлэх нь. Ингэхдээ өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй байх аж. “Хөх сувд” мөсний баярын ажлын хэсгийн ахлагч, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх “Энэ жилээс мөсний баяраа илүү өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөсний баярыг жил бүр 40 000 орчим хүн зорин ирдэг. Тиймээс энэ жилээс тэднийг тав тухтай амраахад анхаарал хандуулъя. Хэт олон хүн нэг дор цуглахаар ариун цэврийн байгууламж хүрэлцэхгүйг ярьдаг шүү дээ. Үүнээс эхлээд шийднэ. Дараагийн удаа энэхүү баярыг төрөөс зохион байгуулах биш, аялал жуулчлалын холбоодод хүлээлгэн өгөхийг зорьж байна. Мөн энэ жилийн мөсний баяр шинэ дүр төрх, зохион байгуулалттайгаар болно” гэв.
“Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах хугацааг ийнхүү оройтож зарласныг аялал жуулчлалын холбооныхон шүүмжилсэн. Түүнчлэн ажлын хэсгийн анхны хуралдаан нь уржигдар болж, хөтөлбөрөө дөнгөж боловсруулаад буй юм билээ. Үүнээс болж жуулчид төдийгүй монголчууд ч хөтөлбөрийг эрт боловсруулж, олон нийтэд мэдээлэх ёстой байсан гэв.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг дараагийн үйл ажиллагаа нь түмэн тэмээний баяр юм. Энэхүү эвент ирэх сарын 1-3-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад болох аж.
А.Дөлгөөн