Төрийн өмчийн 120 гаруй компанийг 70 болгон цөөлөхөөр төлөвлөжээ. Ямар шалтгаанаар татан буулгаж, нэгтгэхийг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх юм байна. Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй аж.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан хамтран өчигдөр уг хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 200 орчим компанийн төлөөлөл оролцов. Ингэхдээ үр ашиггүй ажиллаж буй компаниудыг татан буулгаж, эсвэл нэгтгэх, төсөв зардлыг нь хэрхэн хэмнэх талаар оролцогчид хэлэлцжээ. Мөн хууль, эрх зүйн хүрээнд ямар асуудлуудыг шийдэж, цаашид хэрхэн арга хэмжээ авбал зохистой талаар салбарын мэргэжилтнүүд санал солилцсон байна.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Төрийн өмчийн компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах тухай хуультай болсноор улс төрийн нөлөөллийг бууруулах боломжтой. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлуудыг сонгон шалгаруулах зарчим олон жил ойлгомжгүй байсан. Хэдийгээр нээлттэй сонгон шалгаруулалт гэж нэрлэдэг боловч тийм байгаагүй. Иймд сонгон шалгаруулалтын үйл явцыг хууль, эрх зүйн шинэчлэлээр илүү ойлгомжтой болгоно. Тухайлбал, алдагдалтай ажилласан компанийн захирал, Баялгийн санд 270 тэрбумын орлого оруулдаг компанийн удирдлагатай яг адил цалин авч байна шүү дээ. Тиймээс нэг жил гүйцэтгэлээ үнэлүүлээд, алдагдал нь буурахгүй бол захирлыг нь чөлөөлнө. Гурван жил дараалан алдагдалтай ажилласан бол компанийг нь татан буулгах юм. Мөн төр ямар хэрэгт оролцох, үгүйг уг хуулиар зохицуулж, Засгийн газар төрийн өмчит компанид баримтлах чиглэлээ УИХ-аар батлуулна. 2023 оны байдлаар төрийн өмчит 122 компаниас 51 нь 380 тэрбум, тав нь 4.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин тав нь алдагдалтай. Энэ хуулийн төслийг баталснаар үр ашиг, өгөөж, төрийн өмчит компани гурав хамт оршино. Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэх ойлголтыг хална” гэсэн юм.
Тус хэлэлцүүлэгт оролцогчид “Ашиггүй ажиллаж байгаа байгууллагуудыг татан буулгах нь зөв. Ашигтай, алдагдалтай компанийнхан ижил цалинтай байж болохгүй шүү дээ. Мөн төрийн өмчит компаниудад улс төрчид эхнэр, хүүхдээ ажиллуулаад байж болохгүй. Мэддэг, чаддаг хүн нь ажиллах ёстой. Сүүлийн үед хэн нэгэн улс төрчийн л дэмжлэггүй бол улсын байгууллагад ажиллах, удирдах албан тушаалд өрсөлдөх боломжгүйд хүрсэн. Ер нь шударга бус тогтолцооны энгийн жишээ нь төрийн өмчит компаниуд юм. Тиймээс төрийн өмчит компаниудыг улс төрөөс хараат бус болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийг нь хараат бус гишүүдээс бүрдүүлэх хэрэгтэй. Мөн жил бүрийн тайлангаа иргэдэд ил тод мэдээлэх ёстой” гэв.
У.Цэцэг