ХЗДХЯ-ныхан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд боловсруулжээ. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Тус хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Манай улсад авлигатай тэмцэх нөхцөл, эрх зүйн орчин туйлын хүнд байсаар ирсэн. Албан тушаалтнууд нь үндэслэлгүй хөрөнгөжиж, тендерүүдийг ах, дүү, хамаатан садан, танил талдаа өгч, ямар нэгэн байдлаар давуу эрх үүсгэх нь бүр хавтгайрчээ. Мөн бусдаас илүү мөнгөтэй хэрнээ хийсэн ажилгүй хүмүүс Монголын төрд олширлоо. Үүнээс үүдэн иргэд нь хууль, төрдөө итгэхээ больсон. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулж, шударга ёсны төлөөх тэмцэлд ахиц гаргах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсрууллаа. Өнгөрсөн хугацаанд өршөөгдсөн болон ямар нэгэн байдлаар өөрсдийгөө хаацайлсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй бол эд хөрөнгийг нь хураахыг уг хуулийн төсөлд онцолсон. Ер нь авлигач албан тушаалтнуудын хөрөнгийг заавал хураах хэрэгтэй. Цаашид нийтийн албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгч зэрэг өндөр албан тушаалтнаас эхлээд төрийн өмчит компанийн захирлууд хөрөнгөө хууль ёсоор тайлбарлаж чадахгүй л бол хураалгадаг болъё. Хэрэв нийтийн гэх үгийг төрийн өндөр албан тушаалтан болгоод өөрчилчихвөл төрийн өмчит компанийн захирал, Засаг дарга, яамны газрын дарга нар бултчихна. Тиймээс нийтийн гэх үгэнд дээрх бүх албан тушаалтныг хамааруулан ойлгох ёстой. Хураасан хөрөнгөөрөө тусгай сан байгуулж, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Авлигачдын хөрөнгийг ингэж төвлөрүүлснээр маш том өөрчлөлт гарна” гэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь уг хуулийн төсөл цаг үеэ олсон гэж үзэж байсан бол зарим нь “УИХ-д сууж буй хүмүүсийн олонх нь үндэслэлгүй, хууль бусаар хөрөнгөжсөн. Тиймээс тэд энэ хуулийг батлалцах нь юу л бол” хэмээн эргэлзэж байв. Түүнчлэн иргэдийн төлөөлөл хуулийг хэрэгжүүлэх үйл явцад олон нийтийг оролцуулсан түр хороо байгуулах нэн шаардлагатайг онцолсон юм.
Хуулийн төслийн зарим зүйл заалтын талаар Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар “Уг хуулийн заалтад хэргийг хоёр жилийн хугацаанд мөрдөн шалгана. Хэрэв тогтсон хугацаанд амжихгүй бол долоо хоногийн өмнө хүсэлт өгч, нэг жилээр сунгахаар заажээ. Гэтэл Ерөнхийлөгч байсан хүн үүнийг гурав битгий хэл, 30 жилээр ч ухрааж чадна шүү дээ. Ингээд л мултарчихна. Хугацааг нь хязгааргүй байхаар тогтоох ёстой” гэв. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хязгааргүй хугацаатай мөрдөн шалгах үйл явц гэж дэлхийд байхгүй. Хүн алсан хэрэгтнийг хүртэл ямар хугацаанд мөрдөн шалгахыг эрүүгийн процесст нарийвчлан заасан байдаг. Үүнд нь амжуулаад л шалгах ёстой. Ингэж хугацаа тогтоодгийн учир нь шалгуулж буй хүнээ ч бас бодсон хэрэг. Тиймээс хоёр жил бол хангалттай хугацаа” гэх хариулт өгсөн юм.
У.Цэцэгсүрэн