Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан (AI)-ы салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, гадаадын томоохон компаниуд, сангууд энэ чиглэлд онцгой анхаарч эхлэв. Тухайлбал, АНУ AI судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг. “Google”, “Microsoft”, “OpenAI” зэрэг компани нь салбарын хөгжлийг тодорхойлж буй. Тус улс 2019 оноос эл салбарт хөрөнгө хуваарилж, эрүүл мэнд, зэвсэгт хүчний салбарт AI түлхүү ашиглаж байна. Тэгвэл бусад улс орон ч хиймэл оюун ухааны технологиор өрсөлдөж эхэллээ.
БНХАУ 2030 он гэхэд дэлхийд уг технологиор тэргүүлэх зорилго тавив. “Alibaba”, “Baidu” зэрэг компани нь AI-ийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, хотуудыг ухаалаг болгоход анхаарч, нүүр таних технологийг замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг илрүүлэхэд өргөн ашиглах болжээ. Төв Азийн орнууд тээвэр, ложистикийн системийг AI-д тулгуурлан хөгжүүлж байна. Европын Холбооны улсууд ч 2027 он хүртэл AI болон тоон технологид 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулах зорилт тавьж, эрүүл мэнд, байгаль орчны салбарт уг технологийг хөгжүүлж буй аж.
Япон үйлдвэрлэл, робот техник (хүн-роботын хамтарсан үйлдвэрүүд, робот асрагч)-т AI-ийг өргөжүүлэн, 5G сүлжээнд суурилсан ухаалаг хот байгуулах, ахмад настны эрүүл мэндийг сайжруулах бодлогыг эрчимжүүллээ. Энэтхэг AI-ийн үндэсний стратегиа саяхан баталж, боловсролын салбарт интеграц хийхийг зорив. Далайд гарцгүй орнууд дижитал технологийн салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улсын зах зээл дэх эдийн засгаа төрөлжүүлж эхэлжээ. Зарим улс төрийн үйлчилгээнд AI нэвтрүүлж, засаглалын ил тод байдал, үйл ажиллагааг хянах боллоо.
Сонирхуулахад, “McKinsey”-гийн тайланд дурдсанаар 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах аж. Энэ нь хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг хэрхэн өөрчлөхийг илтгэнэ.
М.Гэгээ