Улсын хэмжээнд багш нарын 50 орчим хувийг дангаараа бэлтгэж буй төрийн өмчийн сургууль болох Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн сургалтын хөтөлбөрүүдтэй Боловсролын сайд болон харьяа хэлтсийн удирдлагууд танилцжээ. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, багш бэлтгэх хөтөлбөрийн өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцсон байна. МУБИС-ийн хөтөлбөрүүдийн 30 орчим хувь нь багш бус чиглэлийн мэргэжлийнх гэнэ. Тус сургууль нь багш бус олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй тул хос мэргэжлийн хөтөлбөрүүд бий болгох нь зүйтэйг бодлогын түвшинд ярилцаж буйг сайд П.Наранбаяр онцлов. Түүнчлэн ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, иргэдэд боловсролын үйлчилгээг тэгш хүргэхийн тулд багшийн хөтөлбөрт тэгш хамран сургах чиглэлийн агуулгыг заавал судлах кредит байдлаар оруулах, бакалавр, магистрын түвшний элсэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр ярилцсан юм. Мөн хичээлийн агуулгын 20 хүртэлх хувийг англи хэлээр заах, цахим сургалтыг хөгжүүлэх чиглэлд анхаарахыг санууллаа. Элсэлтийг нэмэгдүүлэхийн тулд оюутан, төгсөгч, багш нарыг гадаадад суралцуулах, чадавхжуулах, их сургуулиуд хооронд кредит солилцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэхээ салбарынх нь удирдлагууд амласан юм.
Сонирхуулахад, тус сургуульд энэ хичээлийн жилд нийт 11 212 хүн суралцаж байна. Тэдний 8483 нь бакалаврт, 1741 нь магистрт, 988 нь докторын түвшинд суралцаж буй аж.
Ч.Болор