Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд “Засгийн газар огцор” нэртэй жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Тэд утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрсний эсрэг жагсах гэж буйгаа ийнхүү сарын өмнөөс зарласан юм. Засгийн газар энэ бүх асуудлыг шийдэж чадахгүйгээ харуулсан учраас огцруулах нь зөв гэж тус намынхан үзжээ. Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй тухай Үндсэн хуульд заасан. Хэрэв эрх нь зөрчигдвөл иргэн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэйг ч тунхагласан билээ.
Гэвч шийдэх ёстой асуудалд биш, өөрсдийг нь огцруулах гээд буйд л Ерөнхий сайд хамгийн их эмзэглэж, эл жагсаалыг зогсоох, хүчийг нь сулруулахын тулд цуврал арга хэмжээ авч эхлэв. Бүр болох гэж буй жагсаалыг хэн зохион байгуулж, санхүүжүүлэх гэж байсан тухай зарлалаа. Их л сандарч буй бололтой.
Хамгаалах тактик
Дээрх намаас Засгийн газрыг огцруулахаар жагсана гэдгээ зарласнаас хойш янз бүрийн л жүжиг өрнөж байна. Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй өөрийгөө хамгаалах тактик хэмээн үүнийг хардаж болно. Эхлээд Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал барууны нэгэн иргэнээс заавар, даалгавар авч, 500 мянган ам.долларын санхүүжилттэйгээр дээрх жагсаалыг хийх гэж буй тухай аудио бичлэг нийгмийн сүлжээнд цацагдлаа. Монголчуудыг дотор нь талцуулах гадаадынхны явуулга, захиалгат арга хэмжээ болгон харагдуулах гэсэн аж. Гэвч уг аудио бичлэгт итгэх хүн бараг гарсангүй. “Ямар ч болхи эвлүүлэг вэ дээ. Мөнгийг нь авсан бол олигтойхон юм хийгээд өгчихгүй” гэх мэтээр олон нийтийн сүлжээнд шоолов. Тус намын дарга бүсгүй ч эл бичлэгийг үгүйсгэж, “Иймэрхүү зүйлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад ч шийдэж өгдөггүй” гэжээ. Энэ оролдлого нь амжилт олсонгүй.
Ингээд хоёрдугаар үзэгдэл эхэлж буй юм. “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн МАН-ыг өмгөөлөн мэдээлэл хийлээ. Тэд болоогүй жагсаалыг эсэргүүцэж, Э.Одбаяр, Д.Монголхүү, Б.Цацрал, Ц.Уянга нарыг ТЕГ, ЦЕГ шалгана уу хэмээн шаардав. Монгол Улсыг хагалан бутаргах гаднын захиалгат жагсаалаар дамжуулан “Өнгөт хувьсгал” хийх гэж буй хүмүүсийг барьж хорь гэсэн утгатай мэдэгдэл хийлээ. Ер нь МАН-ын талын “хиамчин” жиргээчид ч “өнгөт хувьсгал” хэмээх үг хэрэглээд эхэлсэн байна лээ. Тэдний бодож олсон нэршил нь энэ бололтой. Гуравдугаар үзэгдэл нь жагсаалын эсрэг жагсаал хийх хуучны арга барил байлаа. “Ардын хүүхдүүд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүн “Засгийн газрыг огцруулах биш, ажлыг нь хийлгэе” хэмээн энэ сарын 6-нд Сүхбаатарын талбайд цугласан юм. Гэхдээ иргэд хэн, ямар хүмүүс яагаад жагсах гээд буйг гадарладаг болсон тул тэдэнтэй олон хүн нэгдсэнгүй дуусав.
За тэгмэгц, Ерөнхий сайд өөрийн биеэр мэдэгдэл хийв. Шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлэхдээ тэрбээр “Засгийн газар Төрийн ордон дахь өрөөндөө бүгэхгүй, олон нийтийнхээ дунд орж ажиллана” хэмээн зарласан. Оны төгсгөлөөс эхлээд Засгийн газрын тэргүүн нуувчнаасаа цухуйж, нэлээд идэвхтэй энд тэнд ажиллаж, олон нийтэд харагдах болсон юм. Утаанд хордож байгаа иргэдийн төлөөлөл эрүүл мэндийнхээ төлөө нэгдэж, ажлаа хийж чадахгүй бол огцор хэмээн шаардахаар зэхэж буй нь Ерөнхий сайдыг уг асуудалд анхаарал хандуулахаас аргагүйд хүргэх шиг боллоо. Засгийн газраас утаа, түгжрэлийг шийдэх шуурхай штаб байгуулж, “Ковид-19”-ийн үеийнх шиг идэвхтэй ажиллана гэж мэдэгдээд байна. Тэрбээр мягмар гарагт “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажилласан. Энэ үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Засгийн газрыг огцруулах жагсаалыг “Ачит ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, дүү Р.Саруул нар нь санхүүжүүлж байгаа гэв. Дээрх компанийн 34 хувийг төрд авахаар болж, үүнтэй холбоотой нэлээд дуулиан үүсээд буй билээ. “Эрх ашиг нь зөрчигдсөн компанийн асуудалтай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах жагсаал хийх гэж байна” гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгч буй юм. Удахгүй болох жагсаалын агуулгыг улс төрийн том сэдэвтэй “хольж”, саармагжуулах гэсэн оролдлого түүний мэдэгдлээс цухуйв. Уг нь МАН сүүлийн есөн жилийн турш эрх барьж байгаа. Гэвч хийж чадахгүй байгаа бүхэндээ хоёр сонгууль дараалан гудамжинд “лааз өшиглөсөн” АН-ынхныг буруутгадаг нь логикгүй. Бүх шатанд л МАН эрх барьж байсан, байгаа шүү дээ.
Тэр өөрөө жагсаалаар гарч ирсэн
Жагсаал, цуглаанаас тэгтлээ айх нэг шалтгаан Ерөнхий сайдад бий. Учир нь тэр өөрөө жагсаал хийж, улмаар өнөөдрийн эрх мэдэл, албан тушаалд хүрэх замаа зассан юм. 2018 оны сүүлчээс эхлэн тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаал хийж байсныг иргэд мартаагүй. Тэд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилгоор жагсаж, өөрсдөдөө “Шударга тав” хэмээх нэр өгч байв. “Би ямар ч албан тушаалд очихгүй” хэмээн амлаж байсан Л.Оюун-Эрдэнэ одоо Монгол Улсын Ерөнхий сайд, Х.Нямбаатар нь нийслэлийн Засаг дарга хийж байна.
Жагсаал хийж, албан тушаалтныг огцруулж болдгийг өөрөө мэддэг учраас, бас энэ удаагийн арга хэмжээ нэлээд далайцтай байж мэдэх төлөвтэй байгаа тул ийнхүү айж буй хэрэг. М.Энхболдыг огцруулж байсан тэр мөч нь өнөөдөр Л.Оюун-Эрдэнэд өөрт нь давтагдах магадлалтай болоод байна. Тиймээс л хамгаалах арга хэмжээ авч, сүүлдээ өөрийн биеэр улс төрийн ноцтой мэдэгдэл хүртэл хийлээ.
Уг нь жагсаалыг эсэргүүцэн элдэв юм сэдэж байхын оронд урдах ажлаа сайн хийхдээ төвлөрөх учиртай юм. Утаа, түгжрэлийг бууруулах даацтай арга хэмжээ авч, ажлаа сайн хийж байгаа бол огцор гэж шаардаад байх энгийн иргэд байхгүй. Ийм нөхцөлд улс төрийн зорилго, жижиг эрх ашгийнхаа төлөө Засгийн газрыг огцруулах оролдлого хийж буй хүмүүсээс айх шаардлага ч гарахгүй. Хийсэн бодит ажлаа яриад бардам зогсох байв. Гэвч 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа атал тоймтой арга хэмжээ авахгүй өдий хүрсэнд иргэд дургүйцээд буй юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хагас жил болж байна. Сайд нар нь ажилдаа суралцаад, арга хэмжээ аваад, түрүүчээсээ үр дүн гарч эхэлсэн байх ёстой. Жил бүр өвөл болдог, хорт утааны асуудал сөхөгддөг. Гэнэт л энэ өвөл байдал ийм болчхоогүй. Ийм байхад зуух солих тухай ярианаас хэтрэлгүй хэдэн жил болсон учраас л огцруулаад, чадах хүнийг нь холбогдох албан тушаалуудад тавих тухай хөндөж байгаа хэрэг. Мөн Ерөнхий сайд нь жагсах, цуглах иргэний эрхийг улс төртэй холбон тайлбарлаж, талцуулах нь зүй зохисгүй үйлдэл юм.
Хоёр өдрийн дараа жагсаал болдгоороо болох байх. Үр дүнг нь урьдчилж хэлэх хэцүү. Эрх чөлөөний эвсэл намынхан жагсаал хийх тухай мэдэгдлээ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт арванхоёрдугаар сарын 18-нд хүргүүлсэн, мөн Л.Оюун-Эрдэнэ нарын “шударга тав”-ын жагсаалд хэрэглэсэн шиг тоног төхөөрөмжөөр хангахыг хүссэн юм билээ. Өөрсдийг нь огцруулах гэсэн хүнийг техник хэрэгслээр хангах, эсэх нь харин эргэлзээтэй. Дээрх намынхан буюу “No war” хөдөлгөөнийхнийг нэг алхам хийхэд л баривчлаад хорьчихдог “уламжлал” тогтсон. Тэгэхээр Засгийн газрын зүгээс бямба гарагт хамгаалалтаа чангатгаад хүлээж сууна байх.
Энгийн иргэдийн хувьд жагсаалыг хэн зохион байгуулж буй нь сонин биш. Утаанд хордож, эрүүл мэндээрээ хохирч, олсон хэдэн төгрөгөө эмэнд зарцуулсаар иргэд туйлдаж байна. Тиймээс л эл жагсаалд сэтгэл зүрхээрээ, эрүүл мэнд, гэр бүлийнхээ төлөө нэгдэхээ илэрхийлэх хүн олон бий. Нөгөө талдаа үүнийг улс төрийн зорилгоор ашиглах, будилаан, үймээн үүсгэх гэсэн хүмүүс ч гарах биз ээ. Ямартай ч үг хэлэх, жагсаал, цуглаан хийх Үндсэн хуулиар олгосон эрхийг хэн ч хорих учиргүй.