Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил мэргэжлийн чиг хандлага, өөрчлөлтийг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл тус байгууллагынхан 22 салбарын 1000 гаруй ажил олгогч, 14 сая ажилтныг хамруулсан ээлжит судалгааныхаа тайланг уржигдар танилцууллаа.
2025-2030 он хүртэл эрэлттэй байх ажлын байрны жагсаалтыг дата анилист буюу өгөгдлийн шинжээч, санхүүгийн технологийн инженер, аюулгүй байдлын менежмент, хиймэл оюун ухааны болон машин сургалтын мэргэжилтэн, программ хангамж хөгжүүлэгч тэргүүлэв. Удаах байруудад өгөгдлийн нөөцийн инженер, автономит болон цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн мэргэжилтэн, бага оврын ачааны машин, хүргэлтийн үйлчилгээний жолооч, UI/UX инженер, интернэтийн мэргэжилтэн орж байна. Ойрын таван жилд технологийн, тэр дундаа өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ажил мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх нь. Харин зах зээлээс хурдацтай шахагдаж буй мэргэжилд шуудангийн бичиг хэргийн ажилтан, банкны теллер, кассчид, оруулагч, бүртгэл хөтлөгч, тасалбар түгээгч, захиргааны туслах, нарийн бичгийн дарга, тээврийн үйлчлэгч, график дизайнер, хуульч багтжээ.
Өдгөө дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай гэнэ. Энэ нь 1991 оноос хойших хамгийн доод үзүүлэлт хэдий ч ноцтой, анхаарал татах олон “тоо” цаана нь нуугдаж байгааг тайланд дурджээ. Дундаж орлоготой орнуудад ажилгүйдэл жигд буурч буй бол бага орлоготой улсуудад 5.3 хувь буюу 2022 оны үеийнхээс 0.2 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Хүйсийн харьцаагаар нь авч үзэхэд, эрэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин 4.8, эмэгтэйчүүдийнх 5.2 хувь аж. Хөгжингүй, өндөр орлоготой орнуудад хүйсийн ялгаанаас үүдэлтэй ажилгүйдлийн түвшний зөрүү дунджаар 0.4 хувь байгаа бол хөгжиж буй, дундаж, бага орлоготойд нь үүнээс хэд дахин өндөр гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт, шинэчлэлүүдтэй холбоотойгоор шинээр 402 сая ажлын байр бий болгох шаардлагатай гэж судлаачид тооцжээ. Дижитал шилжилтийн үр дүнд эрчим хүч, ложистикийн салбарт хамгийн их “бужигнаантай” байна. Зөвхөн энэ хоёр салбарт ойрын жилүүдэд зургаан сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй гэж таамаглажээ.
Н.Мишээл