Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэлчээрийн төлөв байдлыг нарийвчлан судалсан, “Байгаль судлалын төв” ТББ-ын захирал Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг экологийн чадавхын зарчимд суурилан үнэлэх” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, мониторинг зэрэг чиглэлээр 21 жил багшилсан аж.
-Дархан-Уул аймгийн Хонгор сумыг сонгон бэлчээрийн судалгаа хийх шалтгаан, үндэслэл нь юу байв?
-Дархан-Уул аймгийн Хонгор сум нь газар тариалангийн төв бүсэд оршдог. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт хээр, хээрт хамаардаг онцлогтой. Нийт газар нутгийнх нь 70 гаруй хувь нь ойт хээрийн бүслүүрт багтдаг. Харин газар нутгийнх нь 30 хувь хээрийн бүсэд оршдог. Далайн түвшнээс харьцангуй нам доор буюу 700-1000 метр өргөгдсөн байдаг. Уур амьсгалын хувьд эрс тэс. Үүнийгээ дагаад экосистемийн хувьд эмзэг гэж хэлж болно. Тухайлбал, хөрсний үржил шимт өнгөн хэсэг салхиар хийсэх, усанд угаагдаж, бүтэц нь алдагдах эрсдэл өндөртэй.
Нэмж хэлэхэд, байгалийн нөөцийн ашиглалтын олон хэлбэр тэнд нэг доор байдаг л даа. Бидний мэдэхээр мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, уул уурхай, ойн нөхөрлөл зэргийг дурдаж болно. Энэ утгаараа ч тус сумын нутаг нь судалгааны чухал объект. Дархан-Уул аймаг нь Дархан, Хонгор, Шарын гол, Орхон гэсэн дөрвөн сумтай. Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь Хонгор сумд харьяалагдана. Мөн тус аймгийн мал сүргийн 80 гаруй хувь нь Хонгор сумынх. Иймд тус сумын бэлчээрийн судалгааг чухалчилж үзсэн.
-Бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлтийг экологийн чадавхаар нь дамжуулан тодруулжээ. Судалгаагаа хэдий хугацаанд явуулсан бэ?
-Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загварт суурилан Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэлчээрийн экологийн чадавхыг тодорхойлж, төлөв байдал, доройтлын зэрэг, сэргэх чадавхын одоогийн түвшин, түүний цаашдын өөрчлөлтийг үнэлсэн юм. Бэлчээрийн ландшафтын тогтоц, хөрсний механик бүрэлдэхүүн, ус зүй, цаг уур, ургамлын бүлгэмдлийн онцлог нь бэлчээрийн экологийн чадавхыг илэрхийлэгч суурь болдог. Энэхүү судалгааг 2014-2022 онд хийсэн. Ингэхдээ Дархан-Уул аймгийн Хонгор сумд бэлчээрийн экологийн чадавхын зонхилох таван бүлгийг судаллаа.
Экологийн чадавхад суурилсан судалгаа нь тухайн бэлчээрийн хамгийн соргог хэсэгтээ ямар ургамлын бүлгэмдэлтэй байх, ашиглах явцад доройтсон бэлчээр хэр хугацааны дараа сэргэх вэ зэрэг асуултад хариулдгаараа онцлогтой. Үүнийг бэлчээрийн байгалийнх нь өгөгдөлд суурилан тодорхойлдог.
-Найман жил судалгаа хийхдээ урт хугацаанд ямар өөрчлөлт гарч буйг ажигласан байх?
-Бэлчээрийн экологийн чадавхын зонхилох таван бүлгийг доройтлын зэрэглэл, сэргэх чадавхын түвшнээр нь үнэлсэн. Бэлчээрийг соргог, бага, дунд зэрэг, их, бас хүчтэй доройтсон гэж ангилж үзсэн. Мөн сэргэх чадавхын хувьд бэлчээрийг соргог төлөвөөс малд шим тэжээл муутай ургамал түрж ургасан, хөрсний элэгдэл, эвдрэл илэрсэн, бүтээмж муутай, доройтсон төлөвт шилжих зэрэг өөрчлөлтөд үндэслэн I-V түвшнээр үнэлсэн. Хонгор сумд 2014 онд бэлчээрийн 44 хувь нь соргог, 36 хувь нь сул, 20 хувь нь дунд зэрэг доройтсон байсан. Харин 2022 онд 20 хувь нь соргог, 16 хувь нь сул, 56 хувь нь дунд зэрэг, дөрвөн хувь нь хүчтэй доройтсон гэсэн судалгааны дүн гарсан юм. Эндээс үзвэл соргог бэлчээрийн хэмжээ буурч, дунд зэрэг болон хүчтэй доройтсон бэлчээрийн хэмжээ өссөн байна.
2014 оны судалгааныхаа дүнг 2022 оныхтой харьцуулахад Хонгор сумын бэлчээрт сэргэх чадавхын I түвшний соргог бэлчээр 24 хувь, II түвшний сийрэгжсэн үетэнт бэлчээр 20 хувиар буурсныг тогтоосон. Зонхилогч зүйл буюу бэлчээрийн соргог төлөвийг илэрхийлдэг ургамал нь өөрчлөгдсөн III түвшний бэлчээр 36 хувиар, мөн доройтсон IV түвшний бэлчээр дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр нь бэлчээр дэх соргог төлөвийг илэрхийлэгч ургамлууд цөөрч, доройтлыг илэрхийлэгч зүйл олширч, төлөв байдал өөрчлөгдөж буйг харуулна. Тухайлбал, бэлчээрийн доройтлыг илэрхийлэгч түнгэ, шарилжийн зүйлийн болон ширэг улалжийн бүрхэц 11.6-35 хувиар өссөн. Энэ нь бэлчээр доройтож, чанар муудаж байгааг илэрхийлж буй үзүүлэлт юм.
-Уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгой зэрэг бусад хүчин зүйл бэлчээрийн соргог байдал алдагдахад нөлөөлж буй, эсэхийг энэхүү судалгаагаар тодруулсан уу?
-Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт нь голчлон ашиглалттай холбоотой. Голдуу мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа шүү дээ. Мөн үүнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч их. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны хувьд агаарын температур 2.4 хувиар нэмэгдсэн гэх тооцоо бий. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээгээр дэлхийн 174 орноос манай улс наймдугаар байрт жагссан. Үүний нөлөөгөөр агаарын дундаж температур өсөж, хур тунадасны хуваарилалт өөрчлөгдсөн. Хуурайшилт улам ихсэхтэй зэрэгцэн малын тоо толгой ч өссөөр буй нь бэлчээрийн доройтол эрчимжихэд хүргэж байгаа.
-ЦУОШГ-аас өнгөрсөн онд мэдээлснээр тус сумд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн гэжээ. Та бүхний судалгааны дүн уг мэдээлэлтэй нийцсэн үү?
-ЦУОШГ-аас бэлчээрийн төлөв байдлын судалгааг жил бүрийн наймдугаар сард улсын хэмжээнд хийдэг. Цаашлаад бэлчээрийн төлөв байдлын судалгаанд үндэслэж, сум, баг бүрээр өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлдог. Хонгор сумын бэлчээрийн 51 орчим хувьд даац 1-3 дахин хэтэрсэн хэмээн дүгнэсэн байсан. Тус байгууллага судалгаагаа орон даяар бүх сум, багийн бэлчээрт хийдэг. Даац хэтэрсэн газарт өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүсдэг тул тэжээлийн нөөцийг зохих түвшинд бэлтгэхийг зөвлөдөг. Бидний судалгаагаар Хонгор сумын бэлчээрийн ургац, тэжээлийн нөөцийг, малын тоо толгойд харьцуулан тооцоход 2014 онд даац хэтрэлт 38 хувь байсан. Харин 2022 онд 70 хувьд хүрсэн.
-Бэлчээрийн доройтлын зэрэглэл, сэргэх чадавхын шилжилтийг судлах нь ямар үр дүнтэй вэ?
-Бид судалгаагаараа бэлчээр доройтож, сэргэх чадавхын түвшин буурч буйг тодорхойллоо. Судалгаандаа баримталсан, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загвар, сэргэх чадавхын концепц нь бэлчээрийн экологийн чадавх ялгаатайг, бас сэргэх чадавхын хувьд харилцан адилгүй түвшинд, доройтлын зэрэглэлээрээ өөр өөр байгааг үнэлж, тодорхойлж буй юм. Энэ үнэлгээнд тулгуурлан доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх, сайжруулах, ямар арга хэмжээ авч, үр дүнд хэдий хугацаанд хүрч болохыг нь ч тодорхойлж чадна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн доройтол, сэргэх чадавхын түвшнээс хамааран ашиглалтын горимыг тохируулах замаар сэргээх, сайжруулах боломжтой. Тухайлбал, сэргэх чадавхын II түвшний үнэлгээтэй бэлчээрт ачааллыг бууруулах, ургамал ургах хугацаанд түр чөлөөлөх, бэлчээрийн ургамалд сэргэх, гүйцэд өсөж хөгжих, үрлэх боломж олгох, үүний тулд бага хэмжээгээр ашиглахыг зөвлөж байгаа юм.
Ташрамд дурдахад, энэ концепцийн дагуу манай улсын бэлчээрийн сэргэх чадавхын судалгааг гүйцэтгэсэн үр дүнгээр 2022 онд Исланд улсад, мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард ХААИС-д докторын зэрэг хамгаалсан хоёр судлаач бий.
-Судалгаа хийсэн хугацаанд хур тунадасны хэмжээнд өөрчлөлт гарсан уу?
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын ойн нугын бэлчээр нь сэргэх чадавхын I буюу соргог түвшинд багтана гэж 2014 онд тодорхойлж байлаа. Харин 2022 оны судалгаагаар сэргэх чадавхын II буюу хуурайшсан төлөвт шилжжээ. Цаг уурын нөхцөл нь 2014-2022 онд хур тунадасны хэмжээ харьцангуй тогтмол, харин ч бага зэрэг өссөн үзүүлэлттэй байсан. Цаг уурын байгууллагын мэдээллээр нийлбэр хур тунадасны хэмжээ 2014 онд 270 мм байсан бол 2020 онд 290 мм орчим болжээ. Гэхдээ ургамал ургах эхэн үе буюу 4-5 дугаар сард хур тунадас нэн шаардлагатай. Гэтэл энэ хугацаанд хур тунадас бага байлаа. 8-9 дүгээр сарын сүүлчээр хур тунадасны хэмжээ нэмэгдэн хуваарилалт нь өөрчлөгдсөн. Бас судалгаа хийх хугацаанд Хонгор сумын малын тоо нэмэгдсэн. 2014 онд сумын малын тоо толгой 128 мянга орчим байв. Тэгвэл 2022 онд 161.5 мянга болж өссөн. Бэлчээрт үзүүлэх ачаалал энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа юм.
-Үр дүнд нь орон нутгийн удирдлагууд, малчид хамтран ажилласнаар бэлчээрийн төлөв байдалд эерэг нөлөө авчрах боломжтой гэж зөвлөжээ. Тэд хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?
-Бэлчээрийн доройтол нь малын тарга тэвээрэг, сүү, сүүн, мах, махан бүтээгдэхүүний чанар, гарцаар дамжиж өрхийн орлогод нөлөөлнө. Цаашилбал, энэ нь орон нутгийн нийгэм, эдийн засагтай холбоотой. Тиймээс бэлчээрээ соргог байлгах нь ирээдүйн орлогынх нь хувьд чухал гэдгийг малчдад ойлгуулах хэрэгтэй. Юуны өмнө орон нутгийн удирдлагууд ч энэ асуудлыг ойлгож, судалгаанд суурилсан шийдвэр гаргахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн малчид, судалгааны байгууллага, удирдлагууд нь хамтрах шаардлагатай.
Бэлчээрийн судалгааг орон нутгийн засаг захиргааны хилээр хийж тодорхойлсон нь энэ чиглэлд сумын удирдлагууд анхаарах, асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг сайжруулах, тогтворжуулахад дөхөм болно гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, “Бэлчээр доройтсон байна”, “Бэлчээрийг амраах, өнжөөх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг малчид нөгөө жижүүрийн үг гэдэг шиг хүлээн авч, сонссоор залхаж. Тэгэхээр энэ асуудлыг малчдад арай өөр өнцгөөс ойлгуулж, тэдэнтэй хамтран арга хэмжээ хэрэгжүүлэх хөшүүрэг чухал байна л даа.
-Бэлчээрийн төлөв байдлын талаар ярихаар даац хэтэрсэн талаар ярьдаг шүү дээ. Малын тоо толгой бэлчээр доройтуулагч гол хүчин зүйл гэдгийг өчнөөн олон жил ярилаа. Гэвч хэрэгжүүлэхэд, үр дүнтэй арга хэмжээ авахад ер анхаарсангүй.
-Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэж нүүдэллэдэг байснаараа онцлог. Ургамал ургах хугацаанд нутаг сэлгэж, хөнгөн ашиглах нь бэлчээрийн чанарыг тодорхой барих гол арга. Учир нь бэлчээрийг хөнгөн ашигласнаар ургамлын сэргэн ургах, цэцэглэх, үрлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Малаа өсгөх замаар өрхийн хэрэгцээг хангахыг эрмэлзэж байгаа малчдын хичээл зүтгэлийг үгүйсгэх аргагүй. Гэвч нөгөө талд үүнийг дагаж малын тоо толгой эрчимтэй өсөж байна. Тиймээс бэлчээрийг чөлөөлөх, амраах зэрэг нийтлэг арга хэмжээнээс илүү доройтлын онцлог, сэргэх боломж болон болзошгүй эрсдэлийг тооцож, тэдгээрт тохируулан ашиглах зайлшгүй шаардлагатай.
Бэлчээрийг зохистой ашиглах нь олон эерэг нөлөөтэй. Жишээ нь, үндэсний болон олон улсын зах зээлд нийлүүлэх бүтэгдээхүүний гарал үүслийг тодорхойлохдоо соргог бэлчээрээс гаралтай, органик, эрүүл гэдгийг нь баталгаажуулснаар өндөр үнээр борлуулах, улмаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм.
-Үүний тулд эрх зүйн ямар зохицуулалт хийвэл үр дүн гарах бол?
-Бэлчээр улсын өмч байдаг. Харин мал нь иргэний өмч. Улсын буюу нийтийн эзэмшлийн бэлчээрт малчид хувийнхаа малыг бэлчээрлүүлэх замаар ашигладаг. Гэсэн ч малынхаа ашиг шимийг хувьдаа хүртдэг. Тэгэхээр хэн олон малтай нь ашиг өндөр хүртэж таарна. Тиймээс эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Ийм зохицуулалтыг бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад ашиглаж байгаа нэг жишээ нь, бэлчээр ашиглалтын гэрээ. Малчид малынхаа бэлчээр нутгаар нэгдэж бүлэг байгуулах замаар хамтарч гэрээний нэг тал болж байна. Энэхүү гэрээг байгуулснаар малчдыг хариуцлагажуулж, тэд ч эцэг, эхээс өвлөгдсөн бэлчээр нутгаа ашиглах эрхээ баталгаажуулах боломжтой юм. Гэрээг орон нутгийн засаг захиргаатай байгуулахдаа малчид бэлчээрээ “хоёр жилийн хугацаанд сэргэх чадавхын III түвшнээс II түвшинд хүргэх зохистой ашиглалтыг нэвтрүүлэх” үүрэг хүлээх гэх мэтээр тусгаж болно. Харин энэ үүргээ биелүүлэхэд орон нутгийн засаг захиргаа хэрхэн дэмжихийг гэрээнд тодорхой тусгах гэх мэт зохицуулалт, шийдэл бий.
А.Тэмүүлэн