Хууль боловсруулагчид, бодлого тодорхойлогчид иргэдээр тоглож ханахгүй бололтой. Амьдралгүй шийдвэр, амжилт олохгүй хууль, журмуудыг сэмхэн баталж, гэнэт хэрэгжүүлэх явдал хэрээс хэтэрсний улмаас зүрх муутай нэгэн шигдээс болж мэдэх нь. Хэдхэн хоногийн өмнө жолоочийн албан журмын даатгалын хураамжийг 20 хувиар нэмэгдүүлж, зарим иргэн жилд 700 мянган төгрөгийн татвар төлөх болсон нь олон хүнийг цочирдуулсан. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сарын 31 буюу шинэ жилийн баяраар Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загварыг шинэчлэн баталсан байна.
“Хариуцлагагүй жолооч нар л албан журмын даатгалд жилд 700 мянган төгрөг төлөхөөс биш, бусад нь даатгалын суурь хураамжид 0.4 хувийн нэмэгдэл л төлнө” хэмээн Албан журмын даатгагчдын холбооноос иргэдийг тайвшруулсан билээ. Гэвч энэ нь тусыг эс олов. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ард түмний баатрын дүрээр гарч ирж, албан журмын даатгалын хураамжийг нэмсэн шийдвэрийг хүчингүй болгосноо мэдэгдэв. Тэрбээр “2025 оны нэгдүгээр сарын 9-нд ХЗДХ-ийн сайдын хувьд энэ шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийн тогтоолыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Учир нь захиргааны хэм хэмжээний акт ХЗДХЯ-нд нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа хэрэгждэг. Дээрх шийдвэртэй холбоотой материалыг дахин хянаж үзээд хуульд нийцүүлэх байдлаар Санхүүгийн зохицуулах хороо руу буцаасан. Нэгэнт шийдвэр гарсан тул даатгалын компаниуд иргэдээс авсан мөнгөө буцаах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр “Жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээ эрс нэмэгдэж байна. Хамгийн гол нь Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэсэн зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 18-25 насныхан өөр тарифаар, 61-ээс дээш насны иргэд хамгийн өндөр үнээр даатгалд хамрагдаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй” гэж хатуухан шүүмжилсэн. Үүнээс харахад эрх мэдэлтнүүд ямар ч тооцоо судалгаагүйгээр, иргэдийг “тонох” хууль, журам боловсруулдаг байх нь.
Монголын хууль гурав хоног гэдэг. Гэтэл зарим нь “мэндлэхээсээ” өмнө “амь тавьж” байна. Хууль, дүрэм, журам хөдөлшгүй, хоёр салаа утгагүй байх зарчим алдагдсаар, иргэдийн итгэл ч алдарч гүйцлээ. Эргэж буцсан олон хууль, тогтоомж иргэдийг бухимдуулахаас өөр “шидгүй”. Тухайлбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл үүнээс тавхан хоногийн дараа эл хуулийн төслөө эгүүлэн татчихав. Иргэдийн эсэргүүцэлтэй тулсан уу, эсвэл ямар нэгэн ашиг сонирхол байна уу гэдэг эргэлзээ төрүүлнэ. Үүнтэй ижил утга агуулгатай хуулийн төслийг Л.Энх-Амгалан сайд УИХ-д өргөн барьсан гэдэг. Энэ мэт холион бантан хутгаж, бодлого боловсруулагчид ой санамжаа алдсан мэт аяглах нь хэнд ашигтай вэ.
Ч.Болор