Нэг хэсэг нь түүнийг гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч гэнэ, бас фашизмд буруутгах нь ч бий. Тэрбээр Латин Америкийн хамгийн нэрд гарсан улс төрч бөгөөд сонгогчдын 80 гаруй хувийнх нь дэмжлэгийг хүлээж, Ерөнхийлөгчийн албанд дахин сонгогдлоо. Түүнийг Найиб Букеле гэдэг, Сальвадор улсыг дахин таван жил удирдана.
Сальвадорын Ерөнхийлөгчийн хийгээд парламентын сонгууль энэ он дөнгөж гараад ням гаригт болсон юм. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч Букелегийн нотолж буйгаар 85 хувийн санал авч ялжээ. Түүний “Шинэ үзэл санаа” нам нь парламентн 60 суудлын 58-ыг нь бас авсан байна.
2015 онд Сальвадор улс дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн харгис, хэрцгий орон болов. 100 мянган хүнд 103 аллага ногдож, тэр жилд нийт 6650 хүн алагджээ. Харьцуулахад, 2014 онд 3918 хүн алагдсан байв. Сальвадорын иргэд Төв Америкийн хүн амын 13.6 хувийг эзэлдэг бол 2015 онд энд үйлдэгдсэн нийт аллагын 35.3 хувь нь тус улсад ногдов. Сүүлийн 30 жилд Сальвадорт 120 мянган хүн дээрэмчдийн гарт амиа алдаж, Сальвадорын газар нутгийн 80 хувь нь гэмт хэргийн бүлэглэлүүдийн мэдэлд оров. 1979-1992 онд үргэлжилсэн иргэний дайнд түүхчдийн янз бүрийн үнэлгээгээр 55-75 мянган хүний амь үрэгдсэн байдаг. Эквадороос ялгаатай нь гэмт хэргийн шалтгаан нь мансууруулах бодис, хар тамхи биш юм. Сальвадорт гэмт хэргийн бүлэглэл олон янз байдгаас хамгийн том нь “МS-13” болон “Barrio18” хоёр. Тухайлбал, “MS-13”-ыг нь Японы “Якуза”-тай АНУ зүйрлэсэн бол Ерөнхийлөгч Трамп түүнийг “Аль-Кайда”-тай нэг зиндаад тавьсан юм.
“МS-13” нь нийгмийн ядуу давхарга үндсийг нь тавьсан бүлэглэл юм. Хөрөнгө, мансууруулах бодистой холбогдсоноороо тус бүлэглэл Мексикийн картельтай эгнэх нь хол ч нөлөө нь үлэмж юм байна. Сальвадорын дээрмийн бүлэглэлүүдийн төлөөлөл орон нутгийн эрх мэдэлтнүүдийн эгнээнд, тухайлбал 262 муж, хотын 247-гийнх нь үйл ажиллагаанд оролцох болжээ. Дээрэмчид тус улсын бизнесийн 70 хүртэл хувийг хянаж байна. Эдний “бизнес”-ээс болж улс нь дөрвөн тэрбум ам.долларын буюу дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ийхээ 15 хувийг алдах болсон аж.
2012 онд Католик сүмийн зуучлалаар Засгийн гaзар болон хоёр том бүлэглэлийн хооронд эвлэрлийн гэрээ байгуулав. Энэ үйл явдал амиа алдсан хүмүүсийн тоог түр ч атугай цөөлж өдөрт 14-6 хүн алдагдах хэмжээнд очсон байдаг. Уг “амгалан” байдал удаан үргэлжилсэнгүй.
Найиб Букеле 53.1 хувийн санал авч 2019 онд Сальвадорын Ерөнхийлөгч болов. Энэ хүн гэмт хэрэгтэй тэмцэнэ хэмээн амлаж, түүнийгээ хэрэгжүүлсэн нь улс төрийн одоогийн амжилтын нэг шалтгаан болсон. Букелегийн улс төрийн нэр хүнд олох үйл явц мужийн нэг хотын захирагч болсон 2012 оноос эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд эрх баригч FMLN намаас нэрийг нь дэвшүүлжээ. Тэр үедээ сонирхол татам үйлдэл хийж, цалин авахаас татгалзсан аж.
2015 онд улсдаа нөлөөгөөрөө хоёрт ордог Үндэсний БНН-ын нэр дэвшигчийг ялж, нийслэл Сан-Сальвадор хотын дарга болов. 2017 онд “Фабабундо Мартийн нэрэмжит Үндэсний чөлөөлөх фронт” намаасаа өрх тусгаарлаж “Шинэ үзэл санаа” гэдэг нам байгуулснаа Букеле зарлалаа. 2019 оны сонгууль болоход тэрбээр намаа бүртгүүлж амжаагүй ч 1980-аад оноос хойш гол хоёр нам (FMLN, ARENA)-аас нэр дэвшилгүйгээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болов. Тэрбээр сурталчилгааны ажлаа авлига, гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн хоёр зарчим дээр тулгуурлан хийжээ. Ерөнхийлөгч болоод улсын төсвөөр биткоинд хөрөнгө оруулж эхлэв. “Эдийн засгийн анархист”-уудын мөрөөдөл болсон биткоин Сальвадорт валют хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, түүгээр одоо дэлгүүрт төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах болсон байна. Түүнээс гадна хүчтэй төртэй байхыг илүүд үзэж, иргэдийнхээ эрхийг хязгаарласангүй. Ерөнхийлөгчийн нэр хүнд 70 хувиас доошлохгүй байлаа. Сальвадор улсаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн анхаарсан нь түүний нэр хүндийг Латин Америк даяар өндөрт өргөж, 2023 оны арваннэгдүгээр сард явуулсан санал асуулгаар чансаа нь 90 хувь хүрч бүс нутагтаа тэргүүлэв. Гэмт хэрэгтэй хийх тэмцлээ 2019 онд шууд эхэлж, улсынхаа 28 шоронг хяналтдаа авав. 2022 онд эдний шоронд 71 мянган хүн буюу нийт хүн амын нэг хувь нь байж. Аллага цөөрч, 100 мянган хүнд 7.8 хувь ногдох болов. 2022 онд аллагын хэрэг 495 гарч, энэ тоо урд онд нь 1147 байсан аж. 2023 онд 100 мянган хүнд 2.4 хувь ногдох хүртлээ буурав.
2022 оны гуравдугаар сард Букеле онцгой байдал тогтоож, гэмт хэрэгт бүрэн хэмжээний дайн зарлажээ. Гудамжны хүчирхийлэл эрс нэмэгдэж, өдөрт 60 хүний амь үрэгдэх болсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. 40 мянган хүн хорих, дэлхийд томоохонд орох шорон ч байгуулав. “Amnesty International” байгууллага тус улсын 18-аас дээш насны хүн амынх нь хоёр хувь шоронд байгаа гэж үзсэн байдаг. Онц байдал хэд хэдэн удаа сунгагдаж, одоо хэр нь цуцлагдаагүй юм. Цагдаа нар зааг ялгаагүй хандаж, дээрмийн бүлгийн гишүүн гэж санагдвал гудамжнаас хэнийг ч баривчилж байна гэж Ерөнхийлөгчийг шүүмжлэгчид хэлдэг. Жишээ, шивээстэй л бол өсвөр насныхныг ч баривчилна. Өдөрт дунджаар 150 хүн баривчлагдаад олныг хамрах болсон гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт хүний эрхийг хамгаалагчид эргэлздэг. Букелегийн үед гэмт хэргийн талаарх нэр усгүй мэдээлэл цэцэглэж, түүний дагуу шоронд хорих болжээ. Колумб шиг хар тамхи үйлдвэрлэгчид бүхэл бүтэн бүс нутгийг хянаж, Эквадор шиг энгийн номхон иргэдийг алж талж байгаа Латин Америкийн орнуудад тэдний эсрэг тэмцэх арга ихээхэн мухардмал байдаг аж. Тухайлбал, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро хар тамхины нэг төрөл-кокаиныг “сул тавих”-ын төлөө байна. Хар тамхитай холбоотой гэмт хэргийг эцэслэх цорын ганц арга нь түүнийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрөх явдал гэж тэр үзэж буй.
Букелег дарангуйлагч гэж үзэхэд эрхгүй хүргэсэн үйл явдал нь 2020 оны хоёрдугаар сард болжээ. Тэр үед парламент нь түүний хувьд сөрөг хүчин байсан бөгөөд Төв Америкийн банкнаас 109 сая ам.долларын зээл авахыг дэмжих янзгүй байсан тул Букеле парламентын ордныг цэргээр бүслүүлж, зээл авахыг зөвшөөрсөн гишүүнийг л тэндээс гарахыг зөвшөөрөх тушаал өгчээ. Түүгээр ч барахгүй Наполеоны аргыг хэрэглэж, өөрөө спикерийн суудалд сууж байж зорьсондоо хүрсэн аж. Дараа нь тэрбээр хоёр өөрчлөлт хийж, 262 мужийг 44 болгон томруулж, депутатын тоог 84 байсныг 60 болгон парламентаа цомхотгов.
...Сальвадор улс олон арван жилээр шийдвэрлэгдээгүй асуудлын барьцаанд орчхоод байсан бол одоо урьдынх шигээ гудамжинд явж байгаад буудуулахаа байсанд сонгогчдын сэтгэл хангалуун байх болж. Улсын нь эдийн засаг алгуур ч гэлээ өсөж байна. Ерөнхийлөгчийнх нь нэр хүнд дээшилж, гудамжны гэмт хэрэгт хатуу хандах бодлого нь “букелизм” гэгдэх болсон байна.
Сальвадорын Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч улиран сонгогдох ёсгүй. Букелег энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхийг Үндсэн хуулийн шүүх зөвшөөрсөн аж. 42 настай Букеле саналын хуудасны 31 хувийг тоолсны дараа 1.3 сая сонгогчийн санал авсан байв. Сальвадорын Ерөнхийлөгчийг нууц, шууд санал хурааж сонгодог. Сонгуульд ялснаа Букеле саналын хуудасны ердөө 15 хувийг тоолмогц л зарласан байна. Тэрбээр гэргийн хамт ням гаргийн үдэш Үндэсний ордны сэхээвч дээр гарч ирээд “Сөрөг хүчин бут цохигдлоо” хэмээн мэдэгдсэн. “Бут цохигдсон” гэдэг үгийг сөрөг хүчин нь ч “сүржин” гэж үзсэнгүй. Букелегийн хоёр өрсөлдөгч нь тус бүрдээ дөрвөн хувь, өөр гурван нэр дэвшигч хамтдаа хоёр хувийн санал авсан нь урьдчилсан байдлаар тодорхой болжээ. Хүн амины хэргээр дэлхийд толгой цохиж, хоригдлынхоо тоогоор тэргүүлж байсан Сальвадор улс таван жилийн дотор Латин Америкийн аюул осолгүй орны нэг болов. Хатуу нударга, дээрэмчдэд хайр найргүй хандсаны хүчинд тус улс ийм амжилтад хүрсэн гэж хэлж болно. Амар тайван биш газарт цагдаагийн хүчийг зузаатгаж, хууль журам сахиулах албадын ажилтнуудын эрх мэдлийг өргөтгөж, сүүлийн хэдэн жилд 75 мянган гэмт хэрэгтнийг гудамжнаас шоронд шилжүүлжээ. Энэ амжилтын сөрөг нөлөө ч бас чамлахааргүй. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд нэгэн дуугаар мэдэгдсэнээр дээрэмчдийн эсрэг Засгийн газар жинхэнэ алан хядах ажиллагаа явуулсан аж. Баривчлагдсан хүмүүст өмгөөлөгч өгөхөөс татгалзаж, зарим тохиолдолд тамлах үйлдэл ч хийж байж. Сальвадорын нөхцөл байдлын тухай илтгэлдээ олон улсын хүний эрхийг хамгаалагчид Букелегийн удирдлагаар тус улсад тохиолдсон үйл явдлыг “дээрэм тонуулыг төрийн хүчирхийллээр тууштай сольсон” гэж үзжээ.
Ерөнхийлөгчийг дахин сонгосон нь олон асуудал бий болгов. Ерөнхийлөгч “Шинэ үзэл санаа” намынхаа чармайлтаар гишүүдийн олонх нь тус намынх болсон Үндсэн хуулийн танхим Найиб Букелег улиран сонгогдох эрх зүйн таатай боломжийг 2021 онд бий болгосон аж. Үүний тулд Ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан хатагтай Клаудия Хуана Родригес де Геварад Төрийн тэргүүний албыг түр шилжүүлжээ. Энэ бүхнийг хилийн чанадад ардчилсан бус алхам гэж үзсэн ч Үндсэн хуулийг ягштал мөрдсөнөөс гудамжинд амгалан тайван байх нь сальвадорчуудад илүү үнэ цэнтэй байгаа юм. Түүнчлэн саяхан болтол Сальвадорыг шаналгаж байсан хүчирхийлэлтэй нүүр тулгараад буй Латин Америкийн бусад орнуудын иргэд Букелег баярлаж талархсан нүдээр харах болжээ. Дээрэмчидтэй хийдэг тэмцлээ улам хүчтэй болгохыг сальвадорчууд одоо ч хүлээж байна. Цагдаагийн байгууллагын цуглуулсан мэдээллээр дээрмийн бүлгүүдтэй холбоо сүлбээтэй 43 мянга орчим хүн чөлөөтэй сэлгүүцэж яваа аж. Тэгэхээр баривчилгаа үргэлжилж таарна. Букелег эсэргүүцэгчдэд нэг болгоомжлол байгаа нь парламентад нам нь хэт олонх болсноор Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, өөрийгөө гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх эрхтэй болгох вий гэх сэрэмжлэл. Ийм зүйл төлөвлөөгүй хэмээн Букеле хэлсэн ч Сальвадорын удирдагчийн амбиц нь хоёр дахь бүрэн эрх нь дуусахын алдад түүнийг эрх мэдлээс татгалзахгүй болгочих аюултай гэж үзэх хүн цөөнгүй.