Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуунсухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дууслаа. Тус хэлтсийнхэн 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас тавыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн юм. Тэдний нэг нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Баяндэлгэрийн холбогдсон үйлдэл. Уг нь тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн зун НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч Г.Ууганбаатар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэн прокурорт буцаах захирамж гаргасан юм. Хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Б.Оюунцэцэг үүнийг нь үндэслэлгүй хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн ч амжилт олоогүй тул АТГ-ынхан ийнхүү дахин шалгалаа.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх авто замыг хариуцдаг эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдсон Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж, компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Эцсийн өмчлөгч нь “М-Си-Эс групп” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэмээн УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэн “Гашуунсухайт авто зам” компани нь дээрх чиглэлийн 239 км замыг барьж ашиглалтад оруулсан байдаг билээ. “Гашуунсухайт авто зам” ХХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК 40, “Энержи ресурс” ХХК-ийн мөн хэмжээний, “Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг аж.