“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд иргэн Б нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ зүй бус үг, хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон. Шүүхээс холбогдогч Б-д 30 хоног баривчлах шийтгэл ногдууллаа” гэж өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-аас мэдээлсэн юм. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Б нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа олон нийтийн цахим сүлжээнд хараалын үг, зүй бус үг, хэллэг удаа дараа хэрэглэж, бүдүүлэг үйлдэл гаргаж, хүүхэд, залуус, олон нийтийг үл хүндэтгэн танхайран, хараан доромжилсон” гэж үзжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс тайлбарласнаар цахим орчин нь “олон хүн байршиж буй олон хүн бүхий орчин” бөгөөд цахим орчныг “олон нийтийн газар” гэж үзэх, иргэн Б-ын үйлдэл нь “Олон нийтийг үл хүндэтгэсэн” гэх ойлголтод хамаарах тухай хэл шинжлэлийн дүгнэлтэд үндэслэж, “Бусдыг үл хүндэтгэн, олон нийтийн газарт танхайрсан” зөрчил үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ. Тиймээс иргэн Б-г 30 хоногийн хугацаагаар баривчилж, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн талаар бичсэн байна. Ингээд Б.Баярбаатарыг олон нийтийн газар танхайрсан гэж шүүхээс үзэж, өнгөрсөн баасан гарагт баривчилжээ. Харин шүүхийн энэ шийдвэрийг хуульчид болон хүний эрхийн байгууллагынхан эсэргүүцэж, үг, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг баривчлан хорьж буй нь дарангуйлал гэж үзэж байна. Тухайлбал, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Бурхны хүү Баярбаатарыг лайв хийлээ гэж хорьсон нь хүний эрхийн ноцтой зөрчил” хэмээсэн юм. Мөн хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр цахим хуудсандаа “Их дэлгүүр, орц, орон гэртээ танхайрч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдсан бол баривчлах нь зөв. Гэтэл шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.4 буюу олон нийтийг үл хүндэтгэх гэдэг заалтыг илт буруу тайлбарлан, Б.Баярбаатарыг баривчилсан байна. Шүүхийн нэр хүндийг унагаасан энэ мэт жишээ цөөнгүй гарах боллоо. Цаашид цахим орчинд иргэд үг, үзэл бодлоо илэрхийлэхээс айхаар байна” гэжээ.
Б.Баярбаатарын уг бичлэгийг 560 гаруй мянган хүн үзэж, 360 гаруй удаа бусадтай хуваалцжээ. Түүнийг баривчлах болсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар хийсэн өмнөх рийлтэй нь холбоотой гэж үзэх хүн ч цөөнгүй байна.
Ч.Болор