Эрх чөлөөний эвслээс “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба гарагт эхлүүлэв. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг тэд эсэргүүцэж, энэ сарын 22 хүртэл өдөр бүр жагсахаа мэдэгдэж байгаа юм. Засгийн газартай ямар ч хэлэлцээ хийхгүй, тохиролцохгүй, огцрох хүртэл нь жагсах гэнэ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлсэн, татварын нэмэгдэлд туйлдаж ядарсан олон иргэн өөрийн хүслээр нэгдлээ. Хэдийгээр дээрх намаас уг жагсаалыг зохион байгуулж, зарласан ч тэнд манлайлагч байсангүй. Хэн нэгэн тайзан дээр гарч тодорсонгүй. Нэг гол дүртэй, түүндээ “найдсан” жагсаал хийж дассан иргэд үүнд бага зэрэг будилсан. Гэхдээ энэ нь харин ч иргэд үнэхээр л өөрсдийн хүслээр цугласныг харуулах шиг болов.
Жагсаал бүрийн хүчийг сулруулах, үймээн үүсгэж зорилгыг өөрчлөх ажиллагааг ашиг сонирхол, эрх мэдэл нь хөндөгдөж буй талаас явуулдаг “уламжлал” тогтсон. Энэ ёсоор Засгийн газрын зүгээс ч зүгээр хараад суусангүй.
Өдөөн хатгалга
Уг жагсаалын гол зохион байгуулагчдаар Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр, АН-ын гишүүн Д.Монголхүү, Ц.Уянга нарыг нэрлэж буй. Тэгвэл Ц.Уянга нь Тайландаас ирсэнгүй. Түүний нөхөр эхнэрийнхээ аюулгүй байдалд санаа зовсон учраас явуулаагүй тул тэрбээр нийгмийн сүлжээгээр жагсаалдаа нэгджээ. Тэдний эхлүүлсэн жагсаалыг үймүүлэх гэсэн хэд хэдэн оролдлого энэ өдөр гарсан юм. 11.00 цагаас зарласан жагсаалд орой болтол иргэд нэмэгдэж очсоор байсан. Уг жагсаалыг эсэргүүцэж, зохион байгуулагчдыг нь шалгаж, барьж хорихыг шаардаж байсан “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн Сүхбаатарын талбайд очжээ. Эхэндээ Төрийн ордны урд хаалга, Чингис хааны хөшөөтэй шатны урдуур хаалт татсан байсан ч жагсагчид үүнийг сэтлэв. Цагдаагийн хамгаалалт яагаад ч юм буусан нь ийм боломж олгосон мэт. Улмаар бага багаар ахисаар шатан дээр гарч, тэгснээ Төрийн ордны урд хаалга руу дайрсан юм. Хамгаалалтынхан ч түргэн авч гүйлдэв. Гэхдээ бямба гарагт ордонд эрх баригчид, сайд нар байхгүй. Энэ бол амралтын өдөр. Хоосон ордон руу дайрах дүр үзүүлж, жагсагчдын цөсийг хөөргөсөн хүмүүс нь дээрх хөдөлгөөнийхөн байсныг илчилсэн гэрэл зургууд ч нийгмийн сүлжээнд тарсан. Мөн Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал “Засгийн газрыг ажлаа хийгээд өгөөч гэж гуйж жагсдаг хүмүүс одоо Төрийн ордны урд хэсгээр зогсож байна. Л.Оюун-Эрдэнэ ийм л юм хийдэг. Өнгөрсөн хугацаанд болсон иргэдийн эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хог новш болгосоор ирсэн, өнөөдөр ч тэр л зүйлээ хийж байна” хэмээн ярьж байлаа. Жагсагчдын нэг Д.Монголхүү “Ерөнхий сайдыг хамгаалж буй хүмүүс урд хэсгээр зогсож байна. Ордон руу дайрч буй хүмүүс бол түүний талынхан. Органик жагсаалыг үймээн болгодог ийм технологи байдаг” гэжээ. Төрийн ордны урд хаалган дээр тулж зогссон хүмүүсийн дотроос хамгаалагчид руу “Чи яагаад инээгээд байгаа юм” гэх мэтээр давшлагчид ч байсан. Мөн хамгаалагч залууг бөөндөө барьж аван, цохиж зодсон ч явдал болов. Хамгаалагч нар, цагдаа, дотоодын цэргийнхэн ажлаа хийж яваа л хүмүүс. Тэдэнтэй үймээн үүсгэхийг энгийн иргэд лав хүсэхгүй. Тиймээс зарим хүн “Ордон руу дайрч болохгүй, буруу шүү” хэмээн сануулж харагдсан. Эл өдөр цагдаагийн байгууллагынхан иргэдэд ямар нэг хүч хэрэглэх гэх мэт зүйл болсонгүй.
Мөн жагсаалын үеэр Украины далбаа ашигласан тухай нийгмийн сүлжээнд нэр бүхий жиргээчид шуурлаа. “Улсын дотоодын жагсаалд гадаад улсын далбаа ашиглалаа, гаднын санхүүжилттэй, хагалан бутаргах гэсэн оролдлого байна” хэмээв. Тэгвэл Эрх чөлөөний эвсэл намаас өчигдөр нэгэн бичлэг цацсанаар үүний учир тайлагдсан юм. Б.Цацрал, Э.Одбаяр нар цагаан хоолой барин жагсагчдын хамт Төрийн ордныг тойрч шаардлагаа тавин алхах үед ард нь зогсож байсан, маск зүүсэн хоёр хүн Украин улсын Төрийн далбаа гарган ирж, хэдэн секунд хамт алхсанаа бушуухан хураагаад холдон одож буй нь дээрх бичлэгт үлджээ.
МАН-ын “хиамчид” уг жагсаалыг “өнгөт хувьсгал” хэмээн нэрлэж, улсыг хагалан бутаргах, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж ойлгуулахаар хичээж байгаа юм. Тэгвэл жагсаалын үеэр “Өнгөт хувьсгал” хэмээх номыг олон хувь хэвлэн тараажээ. Үүнтэй зэрэгцээд нийгмийн сүлжээгээр пост хөврөв. “Уг номыг мөнгөтэй хамт тараасан байна, санхүүжүүлэгчид нь баян юм аа” гэлээ. Оюутан гэмээр залууд мөнгө дамжуулж байгаад баригдаж буй бичлэг ч цацагдсан. Согтуу хүмүүс ч бүрэнхий болохтой зэрэгцэн нэмэгдэж, элдвээр агсрах гэж үзэв. Б.Цацралын барьсан “Огцор” гэсэн бичигтэй лоозонг “Ц.Элбэгдорж бол Монголын аврал” хэмээн өөрчилсөн зураг ч түгэв. Эрх чөлөөний эвсэл намынхан хэн нэгний захиалгаар уг жагсаалыг эхлүүлсэн байлаа гэхэд нууц ноёнтноо ийм ил тодоор зарлах тэнэгүүд лав биш. Мөн Э.Одбаяр, Б.Цацрал нар талбайн захад зогсоод, хөгжим тавьж, бүжиглэн дулаацаж байх үед нэг хүн “Одоо яах юм бэ, огцруулъя л даа. Хүмүүсийг турхирчихаад ингээд бүжиглээд байж байх юм уу. Э.Одбаяр чи жагсаалд оролцохоор АНУ-аас ирсэн юм уу, энэ асуултад л хариулчих” гэх мэтээр асуугаад нөгөөдүүл нь хариулахгүй баймагц “No war” хөдөлгөөнийхөн, барууны тэжээврүүд эхлүүлсэн жагсаалаа хянаж чадахгүй балрах вий” гэсэн тайлбартайгаар уг бичлэгээ цацжээ.
Мөн зам хаахгүй, үймээнд турхирсан элдэв ухуулгад автахгүй, тайван жагсахыг Ц.Уянгаас эхлээд сануулж байв. Гэвч жагсагчид 15.00 цаг орчмоос эхлээд төв замын уулзварыг хааж, урт цагаан даавуу барин тойрог болж зогссон юм. Жагсаал бол үзэл бодлоо илэрхийлэх сайн дурын арга хэмжээ. Үүнд нэгдэх, эсэх нь мөн л хувь хүний эрх. Гэвч жагсагчдын зарим нь машинтай иргэдийн замыг хааж, бүр гаднаас нь нүдэж, “Чи ч бас жагс, үгүй бол олигархи” гэх мэтээр сүрдүүлж, айлгасан явдал гарав. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдээ эргэхээр явж буйгаа учирласан эмэгтэй сүүлдээ бухимдаж байгаа харагдсан. Энэ мэтээр “Иргэд хоорондоо яагаад тэмцээд байгаа юм, эндээс хэн хожих вэ” хэмээн бухимдсан хүн цөөнгүй байлаа. Хэдэн цагийн турш төв замыг хаах нь жагсаал зарласан хүмүүсийн зүгээс хийсэн үйлдэл биш гэнэ. Харанхуй болоход гол үймээн дэгдээх ажиллагаа эхлэх учраас хэлмэгдэж, хохирохгүйн тулд эртхэн тараарай хэмээн тэд нэг нэгнээ уриалсан ч жагсагчдын зарим нь Их тэнгэрийг зорьсон юм.
Түүнчлэн жагсаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхгүй, дамжуулахгүй байна гэсэн гомдол иргэдийн зүгээс их гарав. Уг нь цөөнгүй сайт лайв хийж, “Тэнгэр ТВ”, NTV шууд дамжуулсан билээ. Мөн МҮОНТ ч хэд хэдэн удаа мэдээлэл бэлтгэж цацсан байсан. Эл жагсаалын агуулга нь Засгийн газрыг огцруулах хэдий ч УИХ-ыг тараах тухай шаардлага нэмсэн байна лээ. Нийслэлийн түгжрэл, утаа, татварын нэмэгдэлд хариуцлага хүлээх бас нэг албан тушаалтан бол хотын дарга. Тиймээс Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан иргэд ч бас цөөнгүй байлаа.
Дараа нь яах вэ
“Засгийн газар огцор” жагсаалд дээр дурдсанчлан удирдагч байсангүй. Энэ нь нэг талаар зохион байгуулалтгүй, тодорхойгүй харагдуулав. Ард түмний хүч намын дарга Л.Гүндалай, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл зэрэг хүн тус тусдаа лайв хийлээ. Эрх чөлөөний эвсэл намынхан цахим хуудсаараа бас ямар нэг лайв дамжуулсангүй. Ерөнхийдөө бидний дассанаас арай өөр жагсаал болж буй юм. Энэ талаар дээрх намын дарга Б.Цацрал “Жагсаалыг хэн ч удирдахгүй, толгойлохгүй. Бид өөрөө өөрсдийнхөө толгой, удирдагч байх болно. Тэгж байж бид энэ дарангуйллыг сөрж зогсоно. Засгийн газрыг огцруулах ёстой гэж бодсон хүн бүр өөрийн толгойгоо мэдээд, ирж нэгдэхийг уриалж байна” гэжээ.
Засгийн газрыг огцруулснаар юу өөрчлөгдөх вэ гэсэн асуулт бий. Тогтолцоо, суурь нь хэвээр байхад нэгийг нөгөөгөөр сольсноор үр дүн гарах уу. Тэгвэл жагсаал зохион байгуулагчид “Ажлаа хийхийг нь зөндөө хүлээлээ, чадахгүйгээ харуулсан. Эрүүл мэнд, амь насаараа төлж буй энэ бүх хохирол бол Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болно” гэжээ. Мөн “Огцруулах нь муу зүйл биш. Дараа нь бас нэг хүн гарч ирээд муу ажиллавал дахин огцруулна. Зөв хүн томилдог болтол сольж, сайжруулж байж удирдлагын баг, менежментийн системийг авч явж чадах чадвартай улс төрч Ерөнхий сайд болно” гэсэн саналыг зохион байгуулагчид ч, иргэд ч хэлж байв. АН, МАН-ын доторх хоёрдугаар ээлжид хоолонд орохыг хүсэгчдийн зүгээс ийм явуулга хийж байна гэсэн хардлага ч бий. Жагсагчдыг албан тушаал горилж, эрх ашиг хөөж байгаа гэж хардаж буй. Хардах эрх хүн бүхэнд нээлттэй. Гэхдээ үнэхээр л бодит шийдэл гаргахгүй байгаа бол чаддаг хүнийг нь тавьж, хариуцлага тооцдог байх нь ардчиллын нэг онцлог. Дээрх намынхан Засгийн газартай ямар ч тохиролцоо хийхгүй, тайлбар сонсохгүй гэж буй. Гэсэн ч Ерөнхий сайдын зүгээс өнөөдрөөс ямар нэг тайлбар хийх болов уу. Үйл явц хэрхэн өрнөхийг харж байя. Юутай ч иргэд үлдсэн өдрүүдэд өөрсдийн хүслээр нэгдэн жагсана. Үүнийг үймүүлэх гэсэн оролдлого ч үргэлжлэх байх. Тиймээс үймээний хохирогч болохгүй, турхиралтад өртөхгүй байхад л тус тусдаа санаа тавих нь чухал байна. Мөн жагсаал 11.00-17.00 цагт үргэлжилнэ гэдэг зараа Эрх чөлөөний эвсэл намынхан өчигдрөөс эхлэн тодруулсан байна лээ.