УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан. Энэхүү саналыг 100 мянга гаруй иргэн дэмжсэн ч УИХ хэлэлцсэнгүй. Мөн тус системээр дамжуулан гаргасан, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох иргэдийн саналыг ч үл ойшоосон. Эдгээрийг хэлэлцэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан. УИХ иргэдийн гаргасан саналыг хэлэлцэхгүй удааж буй нь эл хуулийг зөрчсөн үйлдэл. Иргэний өргөдлийг 100 000 гаруй хүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хэлэлцүүлэх ёстой” хэмээсэн юм.
Мөн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж Үндсэн хуульд заасан байдаг. “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн дээрх хуулиар баталгаажуулсан шүү дээ. Ийм байхад иргэдийн гаргасан өргөдлийг хүлээж авахгүй байгаа нь эрх зүйт төрийг үгүйсгэсэн явдал. Тиймээс УИХ-ын гишүүдийг хуулиа сахин мөрдөж, иргэдэд үлгэр дуурайл болно уу хэмээн хүсэж байна. Үндсэн хуулийн цэц иргэдийнхээ талд байж, бидний мэдэх эрхийг парламентад нээж өгнө үү” гэж Б.Өлзийбат онцоллоо.
Түүнчлэн тэрбээр иргэдийн “D-Parliament”-д гаргасан саналыг хуульд тусгасан, эсэхийг эргэн мэдээлдэггүйг шүүмжиллээ. Тиймээс иргэдийн саналаар хэлэлцэж буй асуудлын талаарх бүхий л мэдээллийг тус сайтаас бүрэн авах боломж бүрдүүлэхийг шаардсан юм.
А.Үүл