Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд олон улсын дэвшилт технологи ашигласан зайн оношилгооны төвийг ажиллуулж буй. Тус төвд өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг суурилуулжээ. Зайн оношилгооны төвөөр үйлчлүүлэгчид бусад аймгийнхтай харьцуулахад харьцангуй олон байгааг тус төвийн эмч нар онцолсон юм.
Мөн эмнэлгийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулснаар баруун болон төвийн бүсийн хүн амд зонхилон тохиолддог зүрхний шигдээс, тархины харвалт, судасны гэмтэл, эмгэг төдийгүй эх барихын яаралтай тусламжийг иргэдэд ойртуулах боломж нэмэгдсээр буйг дурдсан. 2028 он гэхэд ард иргэдэд төрөлжсөн эмнэлгийн тусламжийг заавал нийслэлд ирэх бус, амьдарч буй орон нутагтаа авах боломж олгоно гэж Эрүүл мэндийн сайд нь хэлсэн юм. Мөн тэрбээр тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэж өгчээ.
Ч.Туяа