Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн мэдээлснээр жилд дунджаар 138 000 хүн гэмтэж бэртсэний улмаас эмнэлгийн тусламж авдгаас 30 орчим хувь нь хүүхэд ажээ. 2023 онд ГССҮТ-д 168 280 хүн тусламж, үйлчилгээ авснаас 70 297 нь хүүхэд байв. Харин өнгөрсөн онд 175 065 хүн үйлчлүүлсний 76 861 нь 0-18 насныхан. Энэ он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж, үйлчилгээ авснаас 762 нь хүүхэд байж. Дэлхий дахинд хүүхдийн уналт, ялангуяа орноос унах нь осол гэмтлийн гол шалтгаан болж байна. ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр ойролцоогор 47 000 хүүхэд уналтаас болж нас бардаг гэнэ. Энэ нь 0-19 насны хүүхдийн осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 10 хувийг эзэлж буй дүн. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, унахаас сэргийлж зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх хэрэгтэй.
Ч.Болор