“Монсудар” компани дэлхийн сонгодог зохиолуудыг цувралаар хэвлэж, уншигчдын гарт хүргэж байгаа билээ. Энэ удаа тэдзохиолчийнхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан “Идиот” буюу “Маанаг” романыг худалдаанд гаргажээ. Ф.М.Достоевскийн гурван оргил бүтээлийн нэг хэмээн үнэлэгддэг, уг зохиолыг тэрбээр 1868 онд бичсэн боловч өнөө хэр хүртэл хүн төрөлхтөн романыг нь шимтэн уншсаар буй. Тиймээс ч Достоевскийн “Маанаг”-ийг мөнхийн бүтээл гэж хэлж болно.
Зохиолч энэхүү романаараа төгс хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ захидалдаа дурдсан нь бий. Зохиолч төгс эрийн дүрийг хүүхэд ахуйг насаа Швейцарийн ууланд, жижиг тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өнгөрөөж, хүүхдүүдийн хайр, итгэлийн дунд хэдэн жил амьдарснаар эдгэрсэн нэгэн орос залуугаар төлөөлүүлжээ.
Тэрхүү өөдрөг үзэлтэй, хүнлэг нинжин, бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог энэрэнгүй сайхан сэтгэлт залуу Петербург хотыг зорин явж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь төгс эрийг хүн бүр эргүү тэнэг, маанаг мангар гэж харах болтлоо нийгмийн оюун санааны гажуудалд автсан байх ажээ.