Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар энэ ням гаригт хөшгөө хаана. Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тогтмол тоглолт хийдэг Монголын ганц театр нь ДБЭТ юм. Хаалтын тоглолтын Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа бүжиглэж, симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана. Д.Нацагдоржийн алдарт бүтээлийг балетын цомнол болгон хөрвүүлж, дэглэсэн хүн нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва. Энэ балет 1987 оноос хойш Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж буй юм.