Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Агуу шүлэгч Р.Чойном залуу насыг шувууны сүүдэртэй адилтган бичжээ. “Хүний амьдрал тоогоор хэмжихэд урт хэрнээ нэг л мэдэхэд төгсгөлдөө хүрчихсэн байдаг учраас хэн ч амьдарч ханалаа, үхмээр байна гэдэггүй юм. 100 хол давсан ч үхэхийг хүсдэггүй нь ийм учиртай. Тиймээс нэг л мэдэхэд урсан өнгөрөх амьдралаа тэр чигээр нь дурсамж болгон үлдээхийг хичээ. Эргээд дурсах дурсамж их байх тусам чиний амьдрал үнэ цэнэтэй байх болно” хэмээн өвөөгийн маань хэлсэн үг бас зурсхийв. Тийм ээ, Хүний амьдрал, тэр тусмаа залуу нас гэдэг дэндүү ахар аж. Залуу байна гэдэг хамгийн сайхан. Халаасан дахь зоосны тоо хэнд ч хамаагүй, алдаа хийвэл маргааш нь засчихна. Яадаг юм залуу байна. Алдвал алдаг. Алдаагаа засах өдөр олон байна. Тод дурсагдах дурсамж бүхэн энэ л насанд бий болох учиртай. Аль болох сайхан дурсамжаар амьдарлаа дүүргэх аваас бусдын дурсамжид ч бас дүрээ мөнхлөх болно. Дайраад бай залуусаа. Юу ч хийхгүй байснаас бүтэлгүйтсэн ч бай ямар нэг зүйл оролдсон хүнийг л ирээдүйн сайхан амьдрал хаалгаараа оруулна.
Улс орны хөгжлийг залуусын нийгмийн оролцоогоор хэмжиж болно. Харин манай улсын хувьд залуусын тал хувь нь нийгэмд нэн идэвхитэй байхад үлдсэн хэсэг нь нэн идэвхгүй бүлэгт багтдаг. Нэн гэдэг ялгааг нэн ихээр харуулдаг нь зөвхөн монголчууд. Бидний 10 хувь нь хэтэрхий баян байхад бараг тал хувь нь нэн ядуу байх жишээтэй. Дундаж буюу “normal” гэдэг үгийг бид хэрэглэдэггүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нэн гэдэг зааг сайнаар бидэнд нөлөөлж бас чадна. Үүнд залуусын оролцоо хамгийн чухал. Залуу хүн бүр нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх аваас Монгол Улс удахгүй хөгжинө. Улсын хөгжил биднээс л шалтгаална. Манай улс хүн амын насны бүтцийн хувьд “идэр” хэмээн тооцогддог бөгөөд таван хүн тутмын нэг нь 15-24 насныхан байдаг бол нийт хүн амын 37,5 хувийг 15-34 настай залуус эзэлдэг. Хүн амын бараг тал хувь нь ид бүтээх насан дээрээ байгаа хэрнээ нэн ядуус яагаад тийм олон байна вэ. Олон хүчин зүйл үүнд нөлөөлнө.
Маргааш нь дуусдаггүй монголчууд
Монголын маргааш дуусахгүй гэх хэлц залхуурал хэмээх үгийн тэгшитгэл. Ийм хэлц үг Манжийн эрхшээлд байх үеэс буюу одоогоос хоёр зуу гаруй жилийн өмнө манай улс орны хөгжил зогсонги байдалд орж эхлэх үеэс гарсан бөгөөд монголчууд хэзээ ч хийж бүтээхгүй гэсэн санаа агуулдаг. Манжийн төрийн бодлого биднийг сул дорой хүчгүй болгох байсан нь шууд үр нөлөөгөө өгч, залхуурахыг бид дуртай хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэр үеэс л монголчууд нийтээрээ залхуурлын давалгаанд өртөж гарнаас нь юм гарахаа больсон аж. Тухайн үед Монголын тал нутгаар аялж, судалгаа хийж явсан олон жуулчин, эрдэмтдийн тэмдэглэлд үүний тухай дурдсан байдаг.
Тухайлбал, “Залхуу хойрго, идэвхи чармайлтгүй байх нь монгол хүний эн тэргүүний зан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй учрах юм бол түүний эр зориг, эрч хүч мохно. Тэгээд л түүнийг даван туулж гарах бус зайлсхийж, бултахыг чухалчилдаг. Таагүй зүйлтэй тэмцэж ялан дийлэхийг хүсдэг европ хүнийх шиг уян хатан, зоримог ухаан монголчуудад дутмаг. Бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэдний өмнөх үеийн дайчин санаа бодол жил өнгөрөх тусам сулран доройтож байгаа нь харамсалтай хэдий ч Хятадын эрх баригчдын хувьд иймэрхүү үзэгдэл нь таатай зүйл юм” хэмээн “Монгол орон ба Тангуудын нутаг газар” хэмээх номдоо Н.М. Пржевальский бичжээ.
Гэвч тэр үеэс хойш хоёр эрин өнгөрсөн боловч өдгөө залхуу зан бидэнд бугшсаар л байна. “Монгол Улс хөгжиж байхад юу ярина вэ” гэж олон хүн буруушаах биз. Гэхдээ бид гадны улсаас эдийн засгийн хувьд хараат, хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхсөн ард түмэн хэдийнэ болжээ. 1990 оноос өмнөх социализмын үед орос ах нарын буянаар Монголын нийгмийн ялгаат давхарга хэсэг арилсан боловч монголчууд өөрсдөө юу ч бүтээгээгүй нь илт харагддаг. Үйлдвэр, орон сууц гээд одоог хүртэл бидний амь зогоож буй гол барилга байгууламжийг тэд л босгосон.
Буянтай хөршийн буянаар нэг хэсэг соёлжсон боловч ардчилал хэмээх нэр томёог сонссон үеэс эхлэн монголчууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр өдийг хүрлээ. Ардчилсан нийгэм бидэнд хэрэгтэй байсан хэдий ч бид сайнаар ашиглаж чадаагүй энэ үеэс эхлэн гэмт хэргийн гаралт болон ажилгүй залуус борооны дараах мөөг шиг олширсон юм. Уг нь залуусаа дэмжсэн ардчилсан төр байх санаатай байсан боловч буруу бодлогын уршгаар бухын хүзүүнээс хатуу болгон хүмүүжүүлсэн. Хэн буруутай гэж? Өөрчлөлтийн өөг нь хүлээн авдаг монгол зан бүгдэд нь буруутай. Энэ зангаа засаж чадахгүй яваа монгол хүн буруутай.
Өөрчлөлт хийх цаг
Өнөөдөр 2015 оны долоодугаар сар 22. Хэдэн өдрийн борооны дараах нартай өдөр. Тэнгэр цэлмэж болдог шиг монгол хүний ухамсар өдөр өдрөөр цэлмэж байгааг бас дурдах гэсэн юм. Монгол залуусыг дотор нь олон төрөлд хувааж болно. Ажил хийж үзээгүй мөртлөө эцэг эхийнхээ өв хөрөнгөөр цалгиж явах нэгэн байхад өөрөө өөрийгөө болгоод явах чадалтай залуус бас байна. Аав ээжийгээ тэжээж яваа нэгэн байхад ах дүүгээ зовоож яваа нь ч Монголд бий. Нийгмийн оролцоо нэрийн дор шоудаж гүйх нэгэн байхад компьютерын цаанаас нийгмийн ухамсарыг дээшлүүлэн суух чадалтай нь ч байдаг болж . Үргэлж муу нэртэй, муухай данстай монголчууд байна гэж юу байх вэ. Монгол залуусын ихэнх нь дээрх ангиллын сайн руу тэмүүлдэг болсныг бас сайшаамаар санагдана. Өдөр өдрөөр өөрчлөгдөхийн тулд өөрөөсөө эхэлж өөрчлөлтийг хийж эхлэх залууст алга ташин урам өгцгөөе.
Харин улс төрийн зүгээс залуучуудын амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэхэд маш сайн анхаарч чадвал бидний улсын ирээдүй гэрэлтэй байх биз ээ. Залуусын ам руу бэлэн хоол халбагадах бус хэрхэн хоолоо олохыг зааж өгөх нь хамгийн чухал. Хөгжиж буй улс оронд залуусын оролцоо хамгийн их байдаг бөгөөд дэлхий нийтийн хөгжил даяарчлалыг хамгийн сайн хүлээн авах чадвартай улс болон хөгжиж чадна. Залуусын санаа бодлыг сонсож шийдвэр гаргах, хөгжлийн үйл явцад идэвхитэй санаачлага, дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх шаардлага бий болсонтой олон хүн санаа нийлэх биз ээ.
Сүүлийн үед нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуучууд өөрсдийн хүсэл сонирхол, мөрөөдөл, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, клуб, бүлгийн дор нэгддэг болсон. Тэгвэл энэ давалгаанд бусдыгаа нэгтгэн, илүү олон монголчууд нийгмийн идэвхтэй болчихвол ч асуудал болгон яриад байх шаардлага бидэнд үгүй.
Монгол залуусыг хэн ч гүйцэхгүй
Монгол залуус гаднын оронд очоод сурсан ч, ажилласан ч хамгийн мундаг нь байдаг. Тэгвэл хэнээс ч дутахгүй ард түмэн гэдгийг батлах хамгийн том жишээ бол энэ. Харин яагаад эх орондоо эзэн нь байж, хийж бүтээхээс залхуурах ёстой гэж. Төр засгийг харж гараа тосоод зүгээр суух бус хөдөлмөрлөж байж амьдрал илүү амттай болдгийг мэдрэхийн тулд борооны үүл арилж тэнгэр цэлмэсэн шиг өнөөдрөөс өөрчлөлтийг хийе.
Эцсийн мөчид харамсахааргүй амьдрахын тулд сайхан дурсамжаар амьдарлаа цэнэглэ. Өөрийнхөө болон эх орныхоо төлөө хийсэн бүх гавьяагаараа бахархаж суух сайхан байх биз ээ.
Г.Оюунт