1930-аад онд ЗХУ-ын зохиолч Евгений Петров өөрийн явуулсан захидлын дугтуйг цуглуулдаг хообийтой байжээ. Яг үнэндээ тэрбээр дугтуй дээр тухайн улсын нэрээс бусад хаяг болох хот, гудамж, хүмүүсийн нэрийг санаанаасаа зохиочихдог байсан учраас захидал нь “төөрч явсаар” хэсэг хугацааны дараа өөрт нь эргээд ирдэг байж л дээ. Өөрөөр хэлбэл, хообийгоо зугаа болгосон хэрэг юм. Буцаж ирсэн захидлын дугтуй дээр “Хаяг буруу байна” гэсэн тэмдэглэгээнээс гадна олон улсын янз бүрийн өнгө хэлбэртэй тамга дарагдсан байдагт нь мань хүн олзуурхана. Тэрбээр 1939 оны дөрөвдүгээр сард Шинэ Зеландын шуудангийнханд түвэг удахаар шийдэж, “Эрхэм Мерилл! Нагац ах Пит нас барсанд тун эмгэнэн гашуудаж байгааг минь хүлээж авна уу. Сэтгэлийн хаттай байгаарай, хөгшөөн. Захиа бичилгүй удсандаа хүлцэл өчье. Ингрид сайн биз дээ. Охиноо миний өмнөөс үнсээрэй. Тэр их том болсон байх даа. Евгений чинь” гэж бичээд, санаандаа бууснаар нь “Хайдбердвилл хот, Райтбич гудамж, XII байр Мерилла Ожин Уэйзли” гэж хаяглаад, илгээжээ. Ингээд бараг хоёр сар өнгөрсөн ч захидал буцаж ирэхгүй болохоор нь гайхав. Ингээд яваандаа тэр талаар мартаж орхисон байна. Тэгтэл наймдугаар сард Евгений Петровичид нэг захиа ирлээ. Өөрийнх нь явуулснаас тэс өөр дугтуйтай юм. Задлаад хартал өөрийнх нь захианд хэн нэгэн хариу бичсэн байхыг хараад мэл гайхав. Түүнээр даажигнаж байна уу гэж бодтол үгүй аж. Учир нь дугтуй дээрх буцах хаяг нь “Шинэ Зеланд, Хайдбердвилл, Райтбич гудамжны XII, Мерилл Ожин Уэйзли” гэж цагаан дээр хараар бичсэн байв.
Тоглоом биш гэдгийг шуудангийн тамга, тэмдэг нотлох аж. Ингээд захиаг уншлаа. “Эрхэм Евгений! Эмгэнэл илэрхийлсэнд талархаж байна. Нагац ах Питийн золгүй үхэл биднийг их сандаргалаа. Хариу бичилгүй удсанд уучлаарай. Ингрид бид хоёр чамтай өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай үргэлж дурсдаг. Глория том болж байгаа, энэ хавар II ангид орно. Чиний Оросоос авчирч, бэлэглэсэн баавгайг одоо ч өвөртөлж унтдаг хэвээр” гэжээ.
Шинэ Зеландад очиж байгаагүй Петровын нүд ёстой л духан дээрээ гарлаа. Захидлыг хэн нэгэн тоглоом хийж бичээгүйг дугтуй доторх гэрэл зураг гэрчлэх аж. Том биетэй, танихгүй нэгэн эр өөрийнх нь мөрөөр тэврэн зогсож байгаа зураг түүнийг тогонд цохиулах шиг болж, цочирдуулсан гэдэг. Тэгээд болоогүй, зургийн ар талд “1938 оны аравдугаар сарын 9” гэж бичсэн байлаа.
Жилийн өмнө яг энэ өдөр Евгений Петровын уушигны хатгалга нь хүндэрсний улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байжээ. Үхэл амьдралын заагт байсан түүний амийг эмч нар хэдэн шөнө “ноцолдон байж” аварчээ. Тиймээс хачирхалтай захидлын учгийг олохын тулд Петров Шинэ Зеланд руу дахин захидал илгээсэн байна. Харамсалтай нь, хариу захидлыг Петров хүлээж чадаагүй аж. Дэлхийн II дайн эхэлж, тэрбээр “Правда”, “Информбюро”-гийн сэтгүүлч болон фронтын шугам руу томилогджээ. 1942 онд түүний сууж явсан онгоц дайсны суманд өртсөн үү, ямартай ч сураггүй болсон аж. Энэ талаар ажлынх нь газарт мэдэгдсэн тэр нэгэн өдөр түүний гэрийн хаягаар Мерилл Уэйзлиэс захидал ирсэн байдаг. Уэйзли Зөвлөлтийн ард түмний эрэлхэг зоригоор бахдаж байгаагаа, мөн Петровын төлөө санаа зовж буйгаа илэрхийлээд төгсгөлд нь “Чамайг нууранд сэлж байгааг хараад би их айсан. Ус их хүйтэн байсан шүү дээ. Тэгэхэд чи “Би живж биш, онгоцны ослоор үхэх тавилантай” гэж байснаа санаж байна уу. Биеэ бодож, болж өгвөл онгоцоор нисэхгүй байхыг хичээгээрэй. Гуйж байна. Мэрилл” гэж бичсэн байлаа.