Тесси зургаан настайдаа нэгэн үнэнийг мэдээд чин сэтгэлээсээ шаналсан. Тэгээд том хүнээс ч ухаалаг шийдвэр гаргаснаар дүүгээ үхлээс аварсан.
Мөнгөгүйн улмаас хүүгээ эмчлүүлж чадахгүй байгаадаа шаналсан аав, ээж нь нулимсаа барьж ядан “Тедийг минь одоо ид шид л аврах байх” гэж ярилцахыг сонссон бяцхан охин өрөөндөө гүйхээрээ орж, шилэн саванд цуглуулж байсан хэдэн зоосоо гаргаж, тоолов.
Тэгээд саванд нь буцааж хийгээд, энгэртээ чанга тэвэрсээр эмийн сан орлоо.
Эмийн санч нэг хүнтэй ярилцаад Тессийг огт анзаарахгүй байна. Охин нусаа татаж байгаа мэт чимээ гаргаж, гутлаа чирэн холхиж анхаарлыг нь татахыг хичээвч нэмэргүй.
Тэгэхээр нь хүчилж байгаад хий ханиалгаж гарлаа. Тэгсэн ч өөр рүү нь огт харахгүй болохоор ширээг нь тогшоод, эмийн санчийн өмнө савтай мөнгөө тавилаа.
-Чамд юу хэрэгтэй юм бэ, би олон жил уулзаагүй байсан ахтайгаа ярьж байна гэж цааргалах түүнийг Теси нүдээ том болгож хараад, эмийн санчийн ярианы өнгийг яг дуурайж
-Тэгвэл би тантай дүү Тедийнхээ тухай ярилцах гэсэн юм. Миний дүү маш их өвдсөн, бүр маш их шүү. Тиймээс би ид шид худалдаж авахаар ирлээ гэхэд,
-Уучлаарай, юу авна гэнэ ээ хэмээн эмийн санч охиныг өхөөрдөв.
-Дүүг минь Тед гэдэг. Түүний толгойд ямар нэгэн муу зүйл ургаад байгаа гэсэн. Ид шид л дүүг минь аварна гэж аав, ээж хоёр ярьсан. Тэгэхээр ид шид ямар үнэтэй юм бэ?
-Охин минь, ид шидийг энд зардаггүй юм. Уучлаарай, чамд тус болж чадахгүй нь дээ.
-Надад уг нь мөнгө байгаа. Гэхдээ хүрэхгүй гэвэл би дахиад олоод ирнэ ээ. Та харин ид шидийн үнийг нь л хэлээд өгөөч гэж шалах охиныг харж зогссон эмийн санчийн ах ярианд оролцож,
-Чиний дүүд яг ямар төрлийн ид шид хэрэгтэй юм бэ, охин минь?
-Яг ямар гэдгийг би ч мэдэхгүй л байна гээд Тесси мөрөө хавчин, санаа алдаад тэр минь маш их өвдөж байгаа учраас хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж ээж хэлсэн. Гэхдээ хагалгааны мөнгийг аав минь төлж чадахгүй гэсэн болохоор би цуглуулж байгаа мөнгөөрөө ид шид авах гэсэн юм.
-Тийм үү, тэгээд чамд хэдэн зоос байна.
-Нэг доллар 11 цент.
-Ямар гайхалтай таарч байна аа, 1.11 доллар гээд тун эелдэг инээмсэглэх өнөөх эр Тессигийн жижигхэн, хөөрхөн гарт мөнгийг нь буцааж өгөөд
-Үүнийгээ аваад харь даа. Би чиний дүүг харж, бас ээж, аавтай чинь уулзмаар байна. Тэгээд Тедэд чухам ямар ид шид хэрэгтэй байгааг мэдье!
-Ид шид ердөө ийм л үнэтэй аж-
Гараас нь хөтлөн гэр рүүгээ дагуулан явж байгаа хүн нь мэдрэлийн мэс засалч, алдартай доктор Карлтон Армстронг байсныг охин хожим мэджээ.
Ингэж зургаан настай Тесси дүүгээ аварсан түүхтэй. Тедэд хагалгаа болон бүх эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн эмч охины чихэнд “Энэ бүх ид шид ямар үнэтэй билээ” гэж өхөөрдөн шивнэхэд Тесси толгойгоо дохин инээлээ.
Нэг доллар 11 цент дээр охины сэтгэл болон агуу итгэл үнэмшил нэмэгдсэнийг доктор сайн мэдэж байгаа.