АНУ-ын Лос Анжелес хотод болсон ёслолын үеэр Мицубиши корпорацийн тэргүүлэх албан тушаалтнуудын нэг болох Хикару Кимура дайны үеэр АНУ-ын хоригдлуудыг хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсандаа уучлалт гуйж, харуусч байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн хоёр дугаар дайны үеэр баривчлагдсан Америкийн цэргүүд Мицубиши компанийн мэдлийн уурхайд албадлагаар ажил хийж байсан түүхтэй юм байна.
Лос Анжелес хотод болсон ёслолд өдгөө эсэн мэнд байгаа АНУ-ын дайны үеийн цөөн хоригдлууд оролцсон бөгөөд энэ өдрийг 70 жилийн турш хүлээж байсан гэжээ.
АНУ-ын ахмад дайчин Жэймс Мурпи “Би ноён Кимурагийн уучлалт хүссэн мэдэгдлийг чих тавин сонссон, ний нуугүй, эгэл даруухан” байсан гэжээ. Мөн Жэймс Мурпи дайны үеэр уурхайд ажиллаж байсан талаараа ярьсан байна. Тэрээр хоол хүнсний гачигдал, эмнэлэгийн тусламж байхгүй, өмсөх хувцасгүй бүхий л хэлбэрээр боолчлогдож байсан гэжээ. Дайны үед Япончууд Филиппин, Өмнөд Солонгос, Хятад болон АНУ-ын барьцааны цэргүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байжээ. АНУ-ын 500 орчим хоригдлууд Мицубиши компанийн мэдлийн уурхайд ажиллаж байсан мэдээлэл байдаг гэнэ.