Хятадын орчин үеийн уран зургийг хөгжүүлэгч Шанхайн Зураачдын эвлэлийн уран бүтээлчид Монголд гурав дахь удаагаа үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Монголын Уран зургийн галерейд өнгөрсөн баасан гаригт нээгдсэн тус үзэсгэлэнд Хятадын шилдэг 20 зураачийн 100 орчим бүтээлийг дэлгэн олны хүртээл болгож буй.
Тус улсын орчин үеийн уран зураг нь хүний, уул усны, байгалийн зураг болоод уран бичлэг гэсэн үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж ирсэн бөгөөд үндэсний уран зургийг уран бүтээлчид өөрсдийн арга барил, уран сэтгэмжээр баяжуулдгаараа онцлогтой аж.
Монголын зураачдын холбоо, “Эвент мастерс” компани хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Шанхайн уран бүтээлчид хятад үндэстний өвөрмөц соёл, зан заншлыг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэжээ.
Уул, ус, модод, цэцэг навчис, шувууд, салхины сэрчигнээн, бүсгүйчүүдийн хөрөг гээд дорнын өнгө аяс нэвт ханхлуулсан үзэсгэлэнгээр зочлохыг хүсвэл та энэ сарын 24-нөөс өмнө Уран зургийн галерейг зориорой.
Харин зураачид нь Монголын хөдөө хээрээр аялж, шинэ уран бүтээлийн санаа, онгод “олзлох” давхар зорилготой ирсэн тул Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймаг руу хөлгийн жолоо залаад одоохондоо эзгүй байгаа гэнэ лээ.
Л.ГАНЧИМЭГ