Өнөөдөр 18.00 цагт Монголын уран зургийн галерейд Хятадын уран зургийн орчин үеийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийн “Шанхай хотын зураачдын эвлэлийн хорооны хятад зургийн үзэсгэлэн 2015” нээлтээ хийнэ.
БНХАУ-ын Зураачдын эвлэлийн хорооны баг гурав дахь удаагаа манай улсад ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ юм. Энэ удаагийн үзэсгэлэн Шанхай хотын уран бүтээлчдийн зургийг дэлгэхээрээ онцлогтой. Хятадын дүрслэх урлагийн орчин үеийн өнгө төрх болон улс үндэстнийх нь соёл, зан заншил, сэтгэхүйн онцлогтой танилцах боломж олгох үзэсгэлэн долдугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, Хятадын үндэсний уран зураг нь хүн зураг, уул усны зураг, цэцэг шувууны зураг, уран бичлэгийн гэсэн дөрвөн төрөлтэй бөгөөд зурах техник, арга барилаар нь нарийн зураг, бичилтэт зураг хэмээн хоёр ангилдаг байна.