Монгол Улсын төв цэгийг алдаршуулах зорилгоор аялал жуулчлалын маршрутад оруулж, өнгөрсөн жилээс Адууны баярыг уламжлал болгон зохиож эхэлсэн билээ. Энэ жилийн адууны баяр долдугаар сарын 16-нд улсын газарзүйн төв цэг буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөр хөшөөт хэмээх газар боллоо.
Адууны баярын үеэр дэмбээдэх, жороо морь, сайхан морьтой хос шалгаруулах, айраг уух тэмцээнүүд болов. Монгол эрийн авхаалж самбаа, эр бяр, хүч чадлыг шалгасан Адуучин тэмцээнд Бүрд, Баян-Өндөр, Сант, Хархорин, Есөнзүйл, Баянгол сумдаас 10 адуучин оролцож, морин дээрээс уурга шүүрэх, хангал булгиулах, морь уургалах, бугуйл шидэж өрсөлдсөнөөс Бүрд сумын адуучин Монгол Улсын шилдэг адуучин, спортын мастер н.Охинтогтох түрүүлж, Хархорин сумын адуучин н.Батнасан, Бүрд сумын адуучин н.Доржнамжим нар удааллаа.
Айраг уух тэмцээнд Бүрд сумын малчин Б.Амарсанаа 2.5 литр айраг нэг минутанд ууж түрүүлсэн бол сайхан морьтой хосоор н.Ганзулын гэр бүл түрүүлж, н.Шинэбаярын гэр бүл удааллаа.