Ирэх жил ДБЭТ болон Италийн дуурийн театрын тайзнаа тоглох “Үнсгэлжин” дуурийн бэлтгэл ажлын хүрээнд монголын дуучид Италид болох нэгдсэн тоглолтод оролцохоор болжээ. Хоёр орны сонгодог урлагийн гүүр болох энэ дуурь монгол, итали дуучид хамтран дуулах аж. Италид ажиллаж амьдардаг, дуурийн дуучин С.Аяана хэмээх монгол бүсгүй “International Opera Studio di Formello” байгууллагатай хамтран эл төслийг хэрэгжүүлж буй.
Хамтран дуурь тавихаасаа нэгдсэн тоглолт хийж, өндөр чансаатай итали дуучдаас нэг сарын сургалт авч бэлтгэх юм билээ. Энэ хүрээнд долдугаар сарын 19-нд Италийн Ром хотын “Formello” болон “Town Hall”-д болох “Үнсгэлжин ба Италийн дуурь-2015” гала тоглолт хийх болж монгол дуучдаа төлөөлөн Ө.Цэрэнчунт, Ж.Чингис, Э.Очирсайхан, Б.Мягмарсүрэн нар Итали улсыг зорих гэж байна.