Монгол туургатны шатрын холбооны “Урамтай шатар” клубийн байр өчигдөр “усгүй талын цусгүй тулаанчдын” хөлд дарагдлаа. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээн энэ сарын 6-8- нд тус клубийн байранд үргэлжлэх юм. “Монгол Улсыг хөгжүүлэхэд шатар ухаан хэрэгтэй” гэсэн уриатай энэхүү тэмцээнийг “Эх нутгийн иргэд” ТББ “Самбуу” сан, Монгол туургатны шатрын холбоотой хамтран, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион явуулж байгаа бөгөөд хойшид уламжлал болгохоор төлөвлөжээ. “Шатар ухаан-2015”- д 5-82 насны 152 шатарчин өрсөлдөхөөр бүртгүүлсний дотор их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга Д.Мөнхзул, дэлхийн өсвөрийн шатарчдын дэд аварга Е.Төгстөмөр, дэлхийн сурагчдын аварга Г.Амартүвшин нар байна гэхээр уг тэмцээний чансаа хэр өндөр болохыг мэдэж болно. Тэмцээний эхэнд “Урамтай шатар” клубийн тамирчин, есөн настай Л.Мишээлтэй ярилцлаа.
-Шатрын спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?
-Зуны амралт эхэлснээс хойш “Урамтай шатар”-т нэг сар хичээллэж байна. Гараа, дунд үе, бодны үнэ цэнэ гээд нүүдлүүд үздэг. Өмнө нь аавтай нүүхээр би ихэвчлэн хожигддог байсан. Тэгээд аав намайг шатарт өөрөөсөө илүү мундаг болгох гэж “Урамтай шатар” клубт явуулсан юм.
-Одоо аавыгаа хождог болж байна уу?
-Ана мана үзнэ дээ.
-Тэгвэл хурдан сайжирч байгаа юм байна шүү дээ. Шатрын багшийг нь хэн гэдэг вэ?
-Манай багшийг Василий Иванович гэдэг. ОХУ-ын Буриадын дэд мастер, шатрын мэргэжлийн багш л даа. Василий багш хүүхэд бүрийн тоглолтыг судалж, нүүдэл тус бүрээр дүгнэлт хийж ярилцдаг учраас надад сонирхолтой санагддаг. Тэгээд найзуудаа манай клубт ирж сураасай гэж боддог юм. Манай ангид гэхэд л шатарт дуртай, дажгүй нүүдэг Сүххаан, Аяал, Цэрэннорв, Галсандамба гээд хөвгүүд бий.
-Танай багш ямар хэлээр хичээлээ явуулдаг юм бэ?
-Орос хэлээр. Би ОХУ-ын ЭСЯ-ны харьяа дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч болохоор багштай сайн ойлголцоно. Бас шаардлагатай үед бусдадаа орчуулдаг.
-“Шатар ухаан-2015” тэмцээн Ж.Самбуу гуайн нэрэмжит юм байна. Чи энэ хүнийг мэдэх үү?
-Шатар сайн тоглодог, маш их ухаантай, Монголыг хөгжүүлэхэд өөрийгөө зориулсан хүн гэж багш хэлсэн. Ер нь шатар тоглодог хүний тархи илүү ажилладаг болохоор дандаа зөв боддог байхгүй юу. Самбуу гуай ч бас тийм л байх.
-Чи хэнтэй өрсөлдөхийг хүсэж байна вэ?
-Антон Тугарин гэж Буриадын их мастер бий. Мундаг шатарчин.
-Чамтай чацуу юм уу?
-Том ах л даа. 20 гаруй настай байх.