Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Монгол эрийн гал голомтыг сахиж, ардын зураач болтол нь тэтгэн, манай сонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, дуурийн олон дуучин бэлтгээд зогсохгүй, театрын хоёр зураач төрүүлсэн буриад бүсгүйг Д.Дашимаа гэдэг. Монгол Улсын гавьяат багш тэрбээр ардын зураач Ч.Гунгаасүхийн гэргий. “Би түүнийг СУИС-ийн номер нэг багш гэж боддог” хэмээн шавь, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нь багшийнхаа тухай дүгнэн хэлж байсан юм.
-Яагаад дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-Дуурийн дуучин болъё гэж бодож байгаагүй юм аа. Улаан-Үдийн Хөгжмийн дунд сургуулийн дуулаачийн ангийг төгсөөд 1966 онд Ленинградын, одоогийн Санкт-Петербургийн консерваторид дуулаачийн мэргэжлээр сурсан. Хүүхэдтэй болж нэг жил өнжиж, төгсөөд, МУИС-ийн сурган хүмүүжүүлэх зүйн ангид Бор багшийн удирдлага дор нэг жил сурсан. Хөгжим бүжгийн дунд сургуульд Даваахүү даргатай найрал дуу дуулаачийн ангид 1973 оноос багшилсан. Дараа жилээс нь манай сурагчид Багшийн дээд сургуульд ерөнхий эрдмийн хичээл үзэж, Хөгжим бүжгийн дунд сургуульдаа мэргэжлийн хичээлээ сурдаг байлаа. 1979 оноос манай найрал дуу дуулаачийн анги бүрэлдэхүүнээрээ багшийн дээдийн харьяа болсон юм. 1990 оноос урлагийн ангиуд тус сургуулиас өрх тусгаарлаж, Соёлын дээд сургууль байгуулж, дараа нь их сургууль болсон. СУИС байгуулагдахад анхнаас нь ажиллаж байгаа хүн байна даа.
-Таныг сургуулиа төгсөж ирэхэд А.Загдс үрэн, Х.Уртнасан гуай хоёр ид дуулж байсан бил үү. Яагаад дуулаачийн мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-Намайг аялгуутай ярьж байгааг сонсож байгаа биз дээ. Тэр үед дуучнаараа ажиллаж болох байсан ч, Ленинградад хамт сурч байсан, Соёлын яаманд ажилладаг найз Жанчив “Чи Хөгжим бүжгийн дунд сургуульд багшил. Хоёр жил хэл яриагаа зүгшрүүлснийхээ дараа дуул” гэж зөвлөсөн. Тэр үед Загдсүрэн, Пүрэвдорж, Хайдав, Жамъянжав, Банди багш ид дуулж байсан. Уртнасан ямар ч билээ, дуулаачийн уралдаанд түрүүлээд дөнгөж дуулж эхэлж байсан юм. Тухайн үеийн мундгууд манай сургуульд цагийн багшаар ажиллана. Соёлын яамны бодлогоор ЗХУ-аас мэргэжилтнүүд хоёрхон жилээр ирж ажилладаг байлаа. Тэгэхээр хүүхдүүд дөрвөн жил суралцахдаа хоёр багш солино гэсэн үг. Орос багш нар аравдугаар сарын дундуур ирдэг тул тэр хүртэл би хичээл заана. ХБК-д дуулаачийн мэргэжлийн багш ховор, би юун дуулах. Өвгөн маань ДБЭТын ерөнхий зураачаар ажиллаж байсан юм. Уг нь сургуулиа хаяад, дуулъя гэвэл болох л байсан.
-Буриадаас ажлын санал олон ирж байв уу?
-Би Улаан-Үдийн театрын дэмжлэгтэй консерваторид суралцсан. Буриадууд манай нөхрийг ч сонирхож, намайг ч алдахгүйн тулд “Улаан-Үдийн театрт нөхөртэйгөө ажилла. Гурван өрөө байр өгье” гэж урьж байлаа. Тэр үед гурван өрөө байр гэдэг их юм байхгүй юу. Гунгаа эмэгтэй дүүтэй айлын ганц хүү болохоор тэнд үлдэх сонирхолгүй байсан.
-Оюутан байхдаа хүүгээ төрүүлсэн гэхээр та хоёр Орост танилцсан бололтой.
-Жамсранжав удирдаач болон түрүүн дурдсан Жанчивтай уулзахаар Гунгаа манай сургуульд байнга ирдэг байлаа. Алдартай олон буриад манай сургуулийг төгссөн ч яг намайг сурч байхад надаас өөр байгаагүй. Харин Театрын дээд сургуульд 20 гаруй буриад драмын жүжигчний ангид суралцаж байлаа. Тэдний ахлагч Дарима гэдэг охины төрсөн өдөрт очоод Гунгаатай танилцсан. Нөхрийн найз сахал Зориг “Гунгаа их даруу, давгүй залуу. Та хоёр танилцаач” гэсэн. Хааяа нэг уулзаж, кино үзсээр яваандаа дотноссон юм.
-Анх айл гэр болсон үеэ дурсана уу?
-Харин ч бид удаан зовоогүй, хоёр жил орчим ажиллаж байх үед Соёлын яам харж үзээд 40 мянгатад байр өгсөн. Хойноос ирэхдээ их хөглөс өн шүү. 1971 оны наймдугаар сар байсан юм. Ленинградаас Улаанбаатар хүрэхдээ Улаан-Үдээр дайрах боломжтой галт тэрэгний тасалбар авсан. Замдаа манайд бууж 10 хоноод нааш ирэх төлөвлөгөөтэй байлаа. Гунгаагийн хоёр найз туулайчилж явсан юм. Мэдээж яаж хил гарах вэ дээ. Биднийг Улаан-Үдэд буухад тэд манай эгчийн гэрийн утасны дугаарыг авсан юм. Эгчийнд цайлаад сууж байхад өнөө хоёр утастсаар байгаад хүрээд ирсэн. Та хоёр тасалбараа өгчих гэж шалаад байхаар нь дараа нь арга нь олдох байх гээд зөвшөөрсөн. Тэндээ хэд хоноод Улаанбаатар явах гэтэл үерлээд, галт тэрэг ер ирсэнгүй. Хүмүүсийн галт тэрэгний тасалбарыг нь үзээд онгоцоор явуулж байсан. Бид тасалбаргүй болохоор яах учраа олсонгүй. Би таван сартай жирэмсэн, өвгөн зургийн ном голдуу долоон чемодан чирчихсэн... Гунгаа “Ерөөсөө хоёулаа Хиагт очиж, тэндээсээ Алтанбулаг оръё” гэж байна. Буриад залууг гуйж шаахайтай мотоцикль дээр нь чемодануудаа унагачих шахам ачаад л Хиагт орлоо. Дээхнэ үед хүний чанар яасан ч сайхан байсан юм бэ, мөнгө ч аваагүй. Тэгтэл хилийнхэн “Албаныхан үүгээр нэвтэрдэг болохоос биш, хувиараа яваа хүмүүсийг гаргадаггүй. Та нар Наушка ор” гэсэн. Унаанд дайгдахад хүмүүс рубль тоохгүй байх, архиар найръя гээд бид замд гарахдаа бүх мөнгөөрөө 10 шил архи авсан юм. Тиймээс хоол идэх гэж хадгалсан мөнгөөрөө Наушка орох автобусны тасалбар авсан. Гунгаа хайчсан ч юм бэ, бүү мэд. Миний ам цангаад, автобус гурван цаг хүлээх ёстой байдаг. Жирэмснийг хэлэх үү, их хэцүү байлаа. Тонгойгоод сууж байтал 10 копейк хэвтэж байхыг харсан. 12 копейкоор ундаа авч болдог байсан юм. Газраас мөнгө олоод учиргүй баярлаж ундаа авч байснаа одоо бодохоор инээд хүрдэг юм. Наушкад очоод Гунгаа вокзалын даргатай уулзахад “Үерээс болж Монголоос вагон явахгүй байгаа. 69 машинтай монголчууд ирж ажиллаж байгаа. Тэднийг гуйгаад ядаж Сүхбаатар ор” гэсэн. Архиа өгөөд л хамт явж, замдаа олон хүүхэдтэй айлд хоносон. Жижиг хөшигний цаана дүүрэн мах өлгөчихсөн, ялаа суулгахгүй гээд сэнсээр үлээлгэж байгаа нь инээдтэй санагдаж билээ. Галт тэрэгний тасалбарыг ямар архиар солилтой биш. Өвгөний ээжийн дүүгийн нөхөр тэндхийн төмөр замд ажилладаг байсан юм. Гунгаа ахтайгаа уулзахаар очтол албаны хүн “Танай ах ээлжийн амралтаа аваад явсан” гэхэд нь үнэнээ хэлж л дээ. “Тэгвэл амралтынх нь үлдсэн хэдэн төгрөг бий. Тасалбар авч хүрнэ” гээд өнөө хүн мөнгө өгч, бид нэг юм Улаанбаатарт ирсэн.
-Оросууд шууд бодсоноо хэлдэг бол монголчууд их бүрэг гэдэг. Та хоёрт үндэстний ялгаа хэр их гарсан бэ?
-Одоо хүртэл ялгаа гарахаар барах уу. Би санаанд таарахгүй бол дуугүй өнгөрөлгүй үнэнийг хэлж амьтны дургүй хүргэдэг. Мэдэх нэг нь “Багш хамаагүй авчихдаг юм” л гэнэ. Хэлэх ёстойг хэлэх л хэрэгтэй гэж боддог. Харин ахмад хүмүүстэй болгоомжтой харилцах хэрэгтэй. Нөхрөөсөө ялгаатай нь би их удаан. Миний хүү ч намайг дуурайгаад, ухнатаад л суугаад байдаг. Харин охин Гунгааг дуурайсан, их шалмаг.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Уран бүтээлийн хувьд хоёр биедээ хэр тус нэмэр болж байв. Тайз урлахад нь зөвлөж байв уу?
-Гунгаагийн дэргэд ихийг сурсан байх. Гэхдээ консерваторид суралцаж байхад зураачдын тухай зузаан номнууд уншуулдаг байсан болохоор Гунгаатай, Гунгаагүй тэр талаар мэднэ. Тэр хүн судалж байж бодсоноо урлаж байхад би дэргэдээс нь юу хэлэх вэ. Гэхдээ залуу байхад хоёулаа уран бүтээлийн тухай их ярина аа. Өвгөн маань гал тогоондоо суугаад шөнөжин зурж хонодог байсан юм. Нэг удаа “Чи надад хань болж суу л даа” гэж байна. Би ч залхуураад хажууд нь гудас дэвсээд унтчихсан. Тэгтэл ажлаа дуусаад намайг сэрээлгүй орондоо ороод тухтай унтсан байсан. Тэр үед “Дахиж л чамайг сахихгүй дээ” гэж билээ.Манай хүн залуугийн л бурхнаас заяасан авьяастай. Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байхдаа хоёр анги төгсгөснөөс сайн зураач олон төрсөн. Тухайлбал, Төрийн шагналт Ц.Цэгмэд, Өвөрмонголд их эрэлттэй ажиллаж буй Р.Төгөлдөр, доктор, профессор Ц.Эрдэнэцог болон өдгөө өөд болсон Д.Наранжав, Сергей нарыг дурдаж болно. Гунгаагийн ууган шавь Санжаасүрэн УДЭТ болон орон нутгийн театрт олон жүжгийн тайз урласан бол зураач Ганхүү их хөдөлмөрч, байнга л үзэсгэлэнгээ гаргадаг.
-Таныг зурж байсан уу?
-Залуу байхад хүү бид хоёрыг зурж байсан. Ерөнхий төрх нь би мөн хэрнээ нүд нь яагаад ч юм бэ надад таалагдаагүй. Гунгаа “Адил л байна шүү дээ” гэж гайхсан. Одоо тэр зураг хаана байгааг мэдэхгүй. -Таны хүү өдгөө аавынхаа мэргэжлийг өвлөөд ДБЭТ-ын ерөнхий зураачаар ажилладаг бол охин тань тэнд хувцасны зураач. Танайхан цуглахаар урлагаар амьсгалдаг биз? -Охин маань багаасаа л сарвайсан гартай инээдмийн юм зурдаг, аав нь миний охин гоё зурж байна гээд гал тогооны хананд зургийг нь наана. Хүү онгоц, машин зурдаг байгаад томроод зурахаа больсон. Эцэг нь Дүрслэх урлагийн сургуульд оруулъя гэхэд өөрөө эсэргүүцээгүйг бодоход тэр төрөлд дургүй биш байж. Оросууд “Загасчны хүүхэд загасчин” гэдэг юм. Хүүгээ өөр юу болгох вэ дээ. Нэг дор цуглахаар надаас бусад нь ажлаа ярина. Хоолоо идэцгээе гэж байж яриаг нь тасална шүү дээ. -Таны бэр хүртэл зураач. Ерөнхий сайд Бямбасүрэн гуайн охин байх аа? -Би их азтай, надад даруухан, их сайн хадам ээж таарлаа гэж баярлаж, залбирдаг юм. Гунгаагийн ээж том хүүг минь өсгөсөн. Ингэж, тэгсэнгүй гэж намайг ер загнадаггүй байлаа. Буриадууд “Чи өөрөө ямар бэр вэ. Чамд яг л тийм бэр таарна” гэдэг юм. Би гайгүй бэр болохоор надад сайн бэр таарсан гэж боддог. Хонгорзул их сайн зураач, сайн ч бэр. Бямбасүрэн гуай надаар хэлүүлэлтгүй мундаг хүн болохоор би юу ярих вэ.
-Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, АНУ-ын “Карнеги холл”-д тоглолтоо хийж байсан Э.Саран нар таны шавь. Ер нь уран бүтээлчийн амжилтын хэдэн хувь нь багшийн гавьяа байдаг вэ?
-Мөнгөнцэцэг гурван жил миний удирдлага дор суралцаад Болгарт төгссөн болохоор 100 хувь миний шавь гэхэд хэцүү. Осолдохгүй л би А үсгийг нь заасан. Суурь, зөв зам тавьж өгөхөд багшийн гавьяа 40 хувь. Үлдсэн нь уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр байдаг. -Э.Амартүвшин “Кардиффийн хоолой” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал Д.ДАШИМАА: “УЛААН-ҮДИЙН ТЕАТРТ НӨХӨРТЭЙГӨӨ АЖИЛЛА. ГУРВАН ӨРӨӨ БАЙР ӨГЬЕ” ГЭЖ БАЙЛАА авсан бол Г.Ариунбаатар Чайковскийн уралдаанаас гран при хүртлээ.
-Тэдний ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Манай багш нар дэлхийн тавцанд гарах мундаг хүүхдүүд төрүүлж байгаад өөрөө бэлдсэн юм шиг л баяртай байна. Одоо хамгийн гол нь дуучид хэл сайн сурах шаардлагатай. Хэлтэй бол юун Улаан-Үд, хаана ч газардахгүй. Баритоноор Монгол үнэхээр мундаг байна. Бусад багш ч бас сайн хүүхэд гаргахсан гэж мэрийж байгаа байх. Тэр л багш хүний зорилго.
-Та дахин шавьтай болмоор байна уу? -Бурхны зураг гэж байна, миний хүү. Багш шавь биенээ олох, сайн ойлголцох их чухал. Ц.Ерөө чадварлаг багш болохоор л Амартүвшин ийм мундаг гэж ойлгож байна. Тэгэхээр би мянга зүтгээд Ерөөгийн мундагт хүрэхгүй байж болно. Санаа байвч сачий хүрэхгүй байвал яах вэ. Энэ харьцангүй ойлголт. Гэхдээ би ямар ч байсан 12 гавьяат төрүүллээ. Ууган шавь Б.Цэцгээ, Д.Ганхуяг нар надтай хамт багшилж байгаа бол бол Түвшинтөгс Дархны, Гомбосүрэн Өмнөговийн театрын дарга. Гавьяат жүжигчин Оюунцэцэг Говь-Алтайн чуулгад байгаа бол Батмөнх Баянхонгорын театрынх. Сүүлийн үеийнхнээс Дариймаа, Арюна нарын меццосопрано шавь бэлджээ.
-Манай дуучид сүүлийн үед олон уралдаанд байр эзэлж, өнгөтэй байна. Хувьсгалын тохироо таарсан болохоор ийм өндөр амжилт гаргаад байна уу, эсвэл дээхнэ үеийн дуучдаас чадвараараа илүү болсон уу?
-Бүү мэд, хүү минь. Урьд нь ч гэсэн мундаг дуучид байсан л даа. Гэхдээ тэр үед Монголыг олон улс ямар нэг хэмжээгээр тоодоггүй байсан. Одоо бодох нь ээ, ямар нэг хаалт байсан. Жамъянжав багшийн шавь, талийгаач Ганбат Чайковскийн уралдаанд дөрөвдүгээрт шалгарахад бид маш их баярлаж билээ. ЗХУын ардын жүжигчин Лхасаран Лодонович Линховоины охин Дарима л Ганбатыг тэр амжилтад хүргэж, Энхтайваныг Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзлэхэд бэлдсэн бол сая Ариунбаатарыг гран при авахууллаа. Монголоос ийм том амжилт гаргаж байсангүй. Дуучдад хөгжмийг сайн ойлгуулж, нюанстай, хөгжимлөг болгоход концертмейстр асар их нөлөөтэй. Монголоос Солонго урдаа барьдаг концертмейстр бол Буриадад Дарима их туршлагатай, олон дуучин уралдаанд бэлдсэн. -Нас ахихаар нутгаа санадаг гэдэг. Та нутаг руугаа хэр гүйдэлтэй вэ? -Зун болохоор л нутаг руугаа явдаг болохоор санаад сүйд болдоггүй. Би зургаан хүүхэдтэй айлын бага. Ганц эгч минь л үлдсэн. Нас ахихаар ийм л болдог юм байна.
- Таныхаар хэдэн нас хамгийн сайхан бэ?
-Би 71 настай. Миний туулсан амьдрал тэр чигээрээ л сайхан. Муухай үе нь тэр гэж хэлж мэдэхгүй юм. Би туулах ёстойгоо л туулсан гэж боддог. Гэхдээ амьдралаа муу туулаагүй. Ийм сайхан хүнтэй ханилж, хүүхдүүдийг нь төрүүлэхэд тэд эцгийгээ дуурайсан ажил хийгээд л, өөрийгөө азтай хүн гэж бодож байна.
Б. Дөлгөөн