Дунд сургуульд байхад дуу хөгжмийн хичээл хамгийн сайхан санагддаг байж билээ. Дуу хууранд дуртайдаа ч бус, хамгийн гол нь багшийн баянхуур хөгжмийг ангид авчрах, буцаагаад дуу хөгжмийн танхим руу зөөх хүндтэй үүрэг ихэнх тохиолдолд надад ногддог байсан учраас л тэр. Сумын хэмжээнд ердөө хоёрхон байдаг баянхуур хөгжмийн нэгийг тийнхүү мөрлөөд тэвэрчихсэн сургуулийн хонгилоор явж байхад хүүхдүүд байтугай, томчууд хүртэл намайг хүндэтгэн, зам тавьж өгөөд байх шиг санагдаад, тэрүүхэндээ өөрийгөө тоодог байв. Яагаад гэвэл баянхуур бол хөдөөгийнхөнд соёлын үрийг түгээхэд, урлаг уран сайхнаар сэтгэлээ хөглөхөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн хөгжим. Баянхуур тоглодог, баянхууртай дуулдаг, ер нь тэр хөгжимтэй ямар нэг хэмжээгээр хамаатай хэн бүхэн сумандаа “од” байв.
Сургуульд дуу хөгжмийн багш Дуламрагчаа, Улаанбуланд Баяраа эрхлэгч хоёр бол манайхан дундаа тийм хүмүүс байсан юм. Бас хоёулаа нэг гэр бүл. Өндөр-Улаан суманд байдаг хоёрхон баянхуурыг тэд л жинхэнэ утгаар нь дуугаргадаг хүмүүс байлаа. Тэднийг оюутан ахуй үед Улсын багшийн дээд сургуулийн соёлын ангид хүүхдүүд элсүүлэхдээ баянхуур, аккордион хоёрын аль нэгийг заавал сургаж, бас дээрээс нь үндэсний нэг хөгжмөөр мэргэшүүлдэг байж. Тэд баянхуурыг сонгон сурсан хэрэг. Долоо хоног бүрийн даваа гаригийн үдэш телевизээр гардаг “Сумын нэвтрүүлэг”-ээр клубийн эрхлэгч Баяраа хөлс нь бурзайчихсан баянхуур хөгжмөө тоглоод, сумын дуучид дуулдаг байсан нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэнийг саяхан ангийнхантайгаа уулзахдаа дурсан ярьцгаалаа. Сумын Улаанбуланд тоглолт болоход Баяраа эрхлэгч мөн л үндэсний хөгжимчдийнхөө ардхан зогсчихсон баянхуураа тоглоод, хэмнэлийнх нь аяар хөлөө зөөлөн дэвсэж, толгойгоо ихээ эвлэгхэн ганхуулж байдагсан. Үндэсний хөгжим хэдий сайхан ч цөөн болоод ч тэр үү, баянхуурын аялгуу үгүй бол нэг л сүр хүчгүй мэт санагддаг байж билээ. Тэр бол 1990-ээд оны эхэн үе. Ямар ч алс бөглүү нутагт очлоо гээд, хэчнээн хол зам тууллаа гээд аяншиж “ядардаггүй”, тушаал авсан мэт хэзээд дуулгавартайгаар хангинаж байдаг хөгжим бол баянхуур. Гэрэл цахилгаан, гоёмсог тайз тэргүүтэн шаардахгүй, ямар ч үед хөгөө алдана гэж байхгүй, холын замд эдэлгээ даадаг гээд энэ хөгжмийн давуу талыг хөдөөгийнхөн андахгүй.
1950, 1960-аад онд баянхуур хөгжим хөдөөд нийтийн бүжгийг ид мандуулахаас өмнө сум, багийн Улаанбуланд хүмүүс мандолины аянд “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан” бүжиглэдэг байсан гэдэг. Харин баянхуур хөгжим манайд орж ирснээр мандолин зайгаа тавьж, цэцэрлэгийн хүүхдүүдэд хөгжмийн анхны мэдлэг олгох хэрэгсэл болсон байна. Гэхдээ одоо баянхуур хөгжим ч мөн адил техник технологийн дэвБАЯРТАЙ шилт эрин зуунд зайгаа тавьж өгчээ. Одоо баянхууртай айл, сургууль, сум ховордож, тоглодог хүн нь ч цөөрч байгааг сая л анзаарлаа. Цагтаа “1000-ын баянхуур” хэмээн алдаршиж байсан “Тульский” хэзээ ч юм моодноос гарч, хөгжмийн зохиолч Цэцэрлэг хааяахан зурагтаар баянхуур тоглох нь эртний явдал мэт бодогдох болж. ХХ зуунд Оросын Тула хотод Ф.М.Захаров, П.П.Ватутин нар анх баянхуур үйлдвэрлэх эхлэлийг тавьж, 1906 оноос тус хотын “Братья Киселёвы” үйлдвэр гурван эгнээ товчлууртай хөгжим үйлдвэрлэж эхэлжээ.
1907 онд хөгжим урлаач Петр Егорович Стерлигов хоёр жил оролдож байж цуут гармонч Я.Ф.Орланского-Титаренкод зориулан таван эгнээ товчлууртай баянхуур бүтээж, уг хөгжимдөө эртний Оросын дууч туульч Бояны нэрийг өгсөн түүхтэй юм байна. Энэ бол баянхуур хөгжмийн үүслийн түүх. Тула хотод үйлдвэрлэсэн баянхуурыг монголчууд “Тульский хамгийн сайн нь” хэмээн хошуурч байсан нь тэр. Харин одоо “Эгшиглэн магнай” дэлгүүрт хамгийн сайн баянхуурыг 800 мянган төгрөгөөр зарж байгаа ч түүнийг сонирхох, аваад тоглочих чадвартай хүмүүс ховордсон учраас ерөнхийдөө гүйлгээ муутай “бараа”- ны тоонд орсон гэх. Их хотын нүргээнт амьдрал дунд, мэдээ мэдээллийн асар хурдтай эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхах гэж ар дахиа харах сөхөөгүй бүдчин хурдлах бид өмнөх дурсамжаа ийм л амархан мартдаг байх нь. Харин саяхны ангийн уулзалт нэгэн сайхан дурсамжийг минь ой тойнд эргүүлж авчирлаа. Улс орон нийгэм, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд байснаас үл хамааран манай сумын уран сайханчид боломж л гарвал ганц баянхуураа ч болов эгшиглүүлж, “амьдаараа” дуулж, бүжиг наадам хийж хүмүүсийг хөгжөөж чаддаг байв. Сумынхаа ард иргэдийг урлагийн тоглолтоор цангааж байгаагүй баянхуур хөгжмийн үр өгөөж, Баяраа эрхлэгчийн хичээл зүтгэлийг мартаагүй хүн олон байдаг аж. Хэдийгээр одоо манай суманд баянхуур эгшиглэх нь бүү хэл, үзэгдэхээ болиод багагүй хугацаа өнгөрч байгаа ч, Өндөр-Улааныг дөч шахам жил энэ хөгжмөөр хөглөсөн гэр бүл өдгөө тэнд амьдрахаа больсон ч тийм хурдан мартагдах аргагүй их том орон зай үлдээснийг мэдэх хүмүүс нь ярьж байна.
Л.ГАНЧИМЭГ