Улсын хүүхэд, залуучуудын театрын ээлжит уран бүтээл болох “18 дахь хаврын хайр” драмын жүжгийн талаар урлаг судлаач Н.Нандин-Эрдэнийн бичсэн шүүмжийг хүргэж байна.
Хайран уран бүтээлчдийн хөдөлмөр, хайран цаг нар. Нэг ч гэсэн суудлыг сул орхимооргүй тийм л хармын сэтгэл төрөв.
Хэлэх гэсэн санаа нь нийгэмд одоо тулгамдаад байгаа олон асуудлыг хөндсөн нь өөрийн эрхгүй сэтгэлд хөндүүртэй тусаж, хоёр нүдэндээ нулимстай хэрнээ алгаа халуу дүүгтэл нь ташин, мишээгээд жүжгээ төгсгөлөө. Үнэн хэрэгтээ өөрийгөө хүүхдийн жүжиг үзээд нулимсаа нуулгүй өнгөрнө чинээ бодож ч байсангүй. Өнөөгийн нийгмийн муу муухай, сүүдэртэй, саар, бараан бүхнийг харуулсан тус жүжиг нь дан ганц өсвөр үеийнхэнд ч биш, бүх хүний сэтгэлийн үзүүрт гэрэл асаах хэмжээний уран бүтээл болж, шинээр мэндэлжээ.
Үзэгчдийн дунд насанд хүрсэн хүн гарын таван хуруунд багтахаар байсан. Гэвч жүжгийн төгсгөлд үзэгч бүрийн нүд нулимстай байлаа. Энэ нь уран бүтээлийн зорилго биелж, үзэгчдэдээ хүрч байгаагийн илрэл юм. Үнэхээр цагаа олсон уран бүтээл болсонд нь шинэ театрын удирдлага, уран бүтээлчид болон зохиолчид нь талархал илэрхийлье.
Хааяа ч болов өөрсдийгөө хэр сайн эцэг, эх байж, үүрэг хариуцлагаа үлгэр жишээ биелүүлж чадаж буй, эсэхээ бодох ёстой. Дүр болгоныг задлан яривал өнөөдрийн нийгэмд буглаад, лугшаад байгаа олон асуудлыг задалж ярих хэрэгтэй болно. Дүр бүхэн өөрсдийн хэлэх гэсэн санаа, ойлгуулах гэсэн зорилготой байгаа нь зохиолчийн мэдрэмж. Жүжгийн дүр бүхэн илэрхийлэх санаатай, утга учир, үнэ цэнтэй байсан. Тэрбээр санаагаа тултал гаргаж, зохиолоо бичсэн нь жүжигт тод харагдлаа. Сайнаас илүү саарыг сонсох болсон өнөөгийн нийгэмд өсвөр үе, бидний залгамж халаа болох ирээдүй рүүгээ чиглэсэн гэрэл гэгээтэй уран бүтээл бий болсонд үнэхээр баярлаж байна. Сайн, муу, болсон, болоогүй, сэтгэл дундуур, түүхий мантуун бууз шиг уран бүтээлүүдээс яах аргагүй тодрон харагдаж байна.
Нийгэм харанхуй, бас бүдүүлэг байгааг хамгийн энгийн, хамгийн товчоор, хамгийн гэгээлгээр хүнд хүргэхээр илэрхийлжээ. Буруу, зөвийг дэнслэх тал дээр ухаан санаа нь гүйцэж, нас биед хүрсэн бидний болон дооших үе, бүр чухалчилж үзвэл биднээс дээшихэд ч хүн чанар мартагдаж. “Сармагчнаас хүн үүссэн түүхтэй гэдэг бол одоо хүнээс сармагчин болоод байгаа юм уу” гэсэн асуултын хариуг надаас нэхсэн жүжиг байлаа. Хаа нэг эмнэлэг ороход дараалал нь дийлдэхгүй, цагдаад хандсан ч танил тал, хээл хахууль, албан тушаал хэрэгтэй. Хүүхдийн эцэг, эхийн хурал болоход ч өнгө мөнгө нь ялгарч харагддаг. Хамгийн сэтгэл эмзэглэмээр, задалмаар санагдсан дүр бол багш.
Багшийн үнэ цэн, сурган хүмүүжүүлэх ухаан, ур чадвар зэрэг ярих, эмзэглэх, анхаарах асуудал, сэдэв тоолж барагдахгүй. Хөөрхий, багш самбарын өмнө зогсоод гомдол, санал авсан, мөнгө хураасан, хүүхэд зодсон, хүүхэд загнасан гээд ямар ч хэргээр хамаагүй илүү хөдөлбөл ар гэр, ахуй амьдралаа залгуулах цөөн хэдэн төгрөг нь яригдаж эхэлдэг.
Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сурах орчинд стандарт байхгүй. Багшийн ажиллах орчинд нь ч стандарт гэж алга. Тэгсэн атлаа сэтгэлээрээ ажиллаж байгаа хэдхэн багш нарт дарамт, ямар их ачаалал бийг ярьдаггүй, тэд өөрсдөө ч энэ талаараа дуугарахгүй. Ажлаа л хийдэг. Бас ажиглагдаж байгаа зүйл нь XXI зуунд багш нар ямар хэмжээнд, ямар мэдлэгтэй байх, хэрхэн харилцах талаар бүр бодох ч сэхээгүй дарамт шахалт дор өдөр хоногийг аргацааж яваа. Хааяа нэг ахуй амьдралд нь хүрэхгүй болсон цагт цалин бага байна гэж жагсдаг. Тэгээд ч өнөөх хэдэн төгрөгөө баян хүмүүсийн нэг өдрийн тансаглал, зугаа цэнгэлийн үнийн дүнд ч хүргэж чадаагүй. Гэсэн ч 50 хүүхэд дунд нэг багш толгой өндийх завгүй ажиллаж байхад дээр, доороос нь дарамталж харагддаг. Багаар бодоход 50 хүүхдийн эцэг, эх, эмээ, өвөө гээд зуун хүний дарамт дунд ажилладаг гэж би хардаг. Ийм нөхцөлд хүүхдийнхээ сурлагын чанарыг яриад ч хэрэггүй биз.
Жүжигчин А.Гэрэлцэцэг багшийн мэргэжлийн үнэ цэн, сэтгэл зүтгэлийг харуулсан чимэг дүр байж чадсан. Жүжигчин нь өөрийн чадвараа ч харуулж чадсан. Чиглэсэн чиглэл, зорилго нь өсвөр үе. Өсвөр насныхан энэ бүтээлээс сайн, мууг ойлгон ухаарч, сэтгэл нь эмзэглэж, хөндүүрлэж байгаа нь жүжгийн төгсгөлд үзэгч хүүхдүүдийн алга ташилт, нүдний харцнаас л харагдсан. Шинэ театр, шинэ тайз, шинэ зохиол, залуу жүжигчдийн авьяасыг найруулагчийн ур чадвараар тайзнаа амьдруулж чадсан уран бүтээл болжээ. Магадгүй сайн, муу, буруу, зөвөө ялгахгүй, сонирхсон болгон руугаа гүйж явдаг гэнэхэн насныханд гэгээрлийн үрийг суулгасан уран бүтээл шинээр мэндэлсэн байна. Өнгө мөнгө биш, сэтгэл, зүтгэл үнэртсэн уран бүтээлийг хүн болох гэж дүүлж яваа өсвөр үеийнхэндээ зориулан хийсэн Хүүхэд, залуучуудын театрын хамт олонд талархал илэрхийлье.
Монголын ирээдүйд гэрэл гэгээ асаасан уран бүтээл мөнөөс мөн. Энэ жүжгийг нийгмийн бүхий л давхарга, насныхан үзэх хэрэгтэй хэмээн харж байна. Хамгийн сүүлд нь хэлэхэд, амттай хоолыг аяганы ёроолд үлдээдэггүйтэй адил нэг ч суудлыг хоосон үлдээмээргүй тийм цагаахан хармын сэтгэлээр төгсгөе.