Дугуйн засмал замын Азийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн ирэх сарын 7-16-нд Тайландад болно. Тус тэмцээнд дугуйн үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад оролцохоор Фитсанулок хотыг зорив. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангилалд хурд сорих тэд Фичит хотод байрлан, бэлтгэл базаах юм. Манай улс дээрх тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үеийн баг бүрдүүлэн анх удаа сойх нь. Олон улсын дугуйн холбоо энэ удаа тивийн тэмцээний холимог буухиа уралдаанд насанд хүрэгчдийн болон өсвөр үеийнхний багийг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Сонирхуулахад, тус холбоо 2019 оноос эмэгтэй дугуйчдыг дэмжин, оролцоог нь нэмэгдүүлэх бодлогын хүрээнд эрэгтэйчүүдийн цуваа гараатай багийн уралдааныг халсан юм. Ингээд шинээр эрэгтэй, эмэгтэйчүүдийн холимог буухиа уралдааныг санаачилсан. Үүнтэй уялдуулан Азийн дугуйн холбооноос 2023, 2024 онд зохион байгуулсан холимог буухиа уралдаанд Казахстаны баг түрүүлж, хошой аваргаар тодорсон. Монголын насанд хүрэгчдийн холимог багийнхан “Zurich 2024” ДАШТ-д анх удаа оролцохдоо 15 дугаар байр эзэлж байв.