ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шинэ үе гарч ирж буй нь тодхон харагдлаа. Энэ удаагийн тэмцээний үр дүн бараг тодорхой мэт санагдаж байсан ч байдал эсрэгээрээ эргэсэн юм. Юуны өмнө ТЩК-ийн эрин үе дууссаныг тус тэмцээн албан ёсоор зарлав. Цаашид хэн гээч уран гулгагч энэ төрөлд ноёрхохыг хэлэхэд эрт байна. А.Щербакова шагналын тавцанд дахин эргэн ирж, тэргүүлэх зэргийн уран гулгагч гэдгээ харуулах нь тун эргэлзээтэй болсон. А.Косторная харин хосын төрөлд өрсөлдөхийг хүсдэг гэдгээ илэрхийлээд буй. Тутберизегийн эрин үеийн өмнөх Оросын сүүлийн аварга Е.Родионовагийн хэлснээр энэ төрөлд амжилттай өрсөлдөх бүхий л ур чадвар Аленад бий аж. Харин Оросын уран гулгалтын гол найдвар, хөгжөөн дэмжигчдийн гол шүтээн А.Трусова тус тэмцээнд ханиад хүрсний улмаас оролцож чадсангүй. Маш олон фэн нь үүнд нулимс дуслуулан харамслаа илэрхийлж байсан юм. Транссибирийн төмөр замаар удаан аялж, дараа нь онгоцоор олон цаг ниссэний эцэст медаль ч үгүй хоцорно гэдэг ямар ч тамирчинд хүнд тусах нь ойлгомжтой. Тэмцээн эхлэхийн өмнөхөн тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүйд хүрэх нь тамирчдад олон тоо тохиолддог агаад энэ талаар Е.Туктамышева нэгэнтээ “Хэрэв эрүүл мэндийн хувьд боломжгүй бол бие махбодоохүчилж, хүнд элементүүдийг арайхийн хийснээс өөрийгөө хайрласан нь илүү дээр. Ингэхгүй гулгах юм бол байдлыг улам л хүндрүүлнэ. Тиймээс хамгийн эхэнд, хамгийн чухал нь би өөрөө байх ёстой” хэмээсэн байдаг.
Оросын эмэгтэй уран гулгагчдын дараагийн залгамж халаа гэгдэж байсан ВУХ (Валиева-Усачева-Хромых) гурвалаас энэ удаад ганцхан Камила л шагналын тавцанд гарав. Тэрбээр тун сайн оролцож, алтан медаль атгаад алдсан юм. Түүнтэй хамт нэрлэгдэж буй Д.Усачева, М.Хромых энэ удаагийн АШТ-д гэмтлийн улмаас оролцоогүйг сануулъя.
Энэ гурван уран гулгагчаас гадна дараагийн үеийн нэг гол төлөөлөл болж чадна гэдгээ алтан медаль хүртсэн С.Акатьева харууллаа. Эелдэг, даруухан, хөөрхөн, маш хөдөлмөрч, дөрвөлсөн үсрэлт хийдэг гээд эмэгтэй уран гулгагчид байх бүхий л шинж чанар түүнд нэгэнт цогцолжээ. Эдгээр охидын араас А.Двоеглазова, А.Петросян, С.Муравьева нарыг нэмэх хэрэгтэй.
Бэлтгэсэн Н.Энх