Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Шинэ жилийн баяр наадам ирж, иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэргийн цахим зураглал /Crime map/-д дүн шинжилгээ хийн халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж буй Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй сэжигтэн этгээдүүдэд цохилт өгөх, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тодорхой хугацаанд үр дүнтэй зохион явууллаа. Арга хэмжээний үр дүнд их дээд сургуулиудаар явж бусдын халаас болон цүнхнээс эд зүйл хулгайлдаг 15-25 орчим насны 5-6 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг эмэгтэй хулгайч нарыг илрүүлэн барьж, шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж бусдын эд хөрөнгийг "Буяны ажилд оролцуулна" хэмээн хуурч мэхлэн залилан авдаг мөн бусдын эд хөрөнгийг хулгайлан авдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байна. Дээрх этгээдүүд нь 15 настай, эмэгтэйчүүд бөгөөд барьж саатуулах үед хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болох нотлох баримтууд илэрсэн тул шалгалтын ажиллагааг хийхэд бусдыг залилан болон бусдаас хулгайлж авсан эд зүйлээрээ хар тамхи, мансууруулах бодис авч хэрэглэдэг болох нь тогтоогдож байна. Ард иргэддээ анхааруулахад хөл хөдөлгөөн ихтэй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, гудамж талбайд явах, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх үедээ халаас болон цүнхэн дэх эд зүйлээ алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулж байна.