Богд хааны ордон музейнхэн “Хаан ордны намар” нээлттэй өдөрлөгийг өчигдрөөс зохион байгуулж байна. Тус өдөрлөг “Богд хаан” дуу эгшиглэж, тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар нээж үг хэлснээр эхэлсэн. Энэ өдөр Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын уран бүтээлчид, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучид, бүжигчид, реппер Mo’G, дуучин Б.Шинэбаяр, хөөмийч А.Ундармаа нар уран бүтээлээ хүргэсэн юм. Түүнчлэн “Төрийн хатан эрдэнэ” катологи номыг нээж, тогооч Г.Тэнгис хоолны нэвтрүүлгийнхээ бичлэгийг хийв. “Хаан ордны зоог” асарт тогооч Ж.Отгонпүрэв зоог барих уламжлалын тухай энэ үеэр мөн танилцууллаа. Тэгвэл өнөөдөр ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын дуучид, хөгжимчдийн уран бүтээлийн дээжээс үзэхийн зэрэгцээ “Богдын бор заан” боловсролын хөтөлбөртэй танилцах боломжтой аж. “Хаан ордны намар” нээлттэй өдөрлөг энэ сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд нэг гэр бүл ганц тасалбараар үйлчлүүлнэ. Хоёр үзэгч бүрийн нэг нь үнэгүй, мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлбөргүй үзэж байна.
Ташрамд сонирхуулахад, Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг музейн цогцолбор юм. Энэ нь Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулсан Монгол Улсын анхны эл музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулжээ. Ингээд уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг нэгтгэснээр музейн үндэс суурь буй болсон түүхтэй. 1954 оноос Улсын төв музейн харьяанд шилжиж, улмаар 1961 оноос бие даасан музей болсон бөгөөд Найдан, Махранзын, Номын сангийн тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн, 8600 гаруй үзмэртэй цогцолбор юм.