Дэлгэцийн олон уран бүтээлд тоглож эчнээ танил болсон жүжигчин Э.Чинзориг тун удахгүй театрын тайзнаас үзэгчидтэй уулзана. Тодруулбал, тэрбээр “Фауст”, “Гэм зэм” жүжгийг Монголын үзэгчдэд хүргэсэн найруулагч М.Батболдын дараагийн уран бүтээл “Опал” саркастик мелодрамын жүжигт тоглох юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та удахгүй тайзны уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж буй. Тодруулбал, “Орфей” театрын ээлжит уран бүтээл “Опал” жүжгийн театрын хүний дүрд та тоглоно. Сургуулилалт хэрхэн өрнөж байна даа?
-АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Every¬body loves Opal” жүжгийг “Орфей” театрынхан “Опал” нэрээр ирэх сарын 7-ноос үзэгчдэд хүргэхээр сургуулилалтаа базааж байна. СУИС-ийг төгссөнөөсөө хойш дэлгэцийн уран бүтээлд л тоглож, найруулж байснаас биш, тайзныхад ажиллаагүй. Тийм ч учраас төсөөрч, жаахан холджээ. Гэхдээ мэргэжлийг нь эзэмшсэн болохоор сэргээх, эргээд тайзан дээр тоглоход сайхан байна. Мэдээж тайз, дэлгэцийн уран бүтээлд ажиллах нь жүжигчнээс өөр өөр арга барил, туршлага, мэдрэмж шаардана. Жүжигчний хувьд ур чадвараа ахиулах, өөрийгөө сорих давуу талтай. Тиймээс ч эл жүжигт тоглуулах саналыг дуртайяа хүлээн авсан. Сургуулилалтаа ч маш шахуу хийж байгаа. Ёстой л “амттай”-гаар ядарч байна. Амьд харилцаа үүсгэж тоглох нь жүжигчинд ч, үзэгчдэд ч маш сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь уран бүтээлч хүний авч үзэх, хүртэх ёстой мэдрэмжүүдийн нэг. Жүжгээ олонд толилуулж эхэлсний дараа бүр ч сайхан мэдрэмж төрөхийн зэрэгцээ эерэг сэтгэгдэл, шүүмж авах болов уу.
-Театрын хүн дүрийнхээ талаар тодруулбал?
-“Опал” жүжгээр бид өргөн агуулгыг хөнгөн хэлбэр, содон шийдлээр үзэгчдэд хүргэхийг зорьж буй. Жүжгээ “Хүн” театрт тоглоно. Эл театрт тоглох болсон нь ч учиртай. Учир нь “Хүн” театр монгол гэрийн хэлбэртэй. Айл бүр гэртээ халуун дулаан харилцаатай байдаг шиг бид энд жүжгээрээ нэг ам бүл мэт мэдрэмжийг үзэгчдэд өгөхийг зорьж байгаа юм. Яг л энэ мэдрэмжийг өгч, уран бүтээлч, үзэгчдийг холбох дүр нь миний ажиллаж буй театрын хүн. Оюутан байхад Азийн урлагийн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг наадам БНХАУ-ын Бээжинд болоход оролцсон юм. Тэгэхэд А.П.Чеховын “Хэтэвч” жүжгээр оролцож, 21 орны оюутнуудаас шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч байлаа. Би Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн шавь. Багш минь оюутан байхаас л “Чи театрын жүжигчин л болох ёстой” гэдэг байлаа. Гэтэл би кинонд дуртай байсан болохоор сургуулиа төгсөөд л дэлгэцийн уран бүтээлд тоглоод явчихсан. Түүнээс хойш тайзан дээр гарах боломж ч олдсонгүй. Харин одоо “Опал” жүжгээ багшдаа хамгийн түрүүнд үзүүлмээр байна.
-Э.Чинзориг, театрын хүн хоёрт төстэй зүйл байна уу?
-М.Батболд найруулагч “Фауст” жүжгээ үзэгчдэд хүргэсний дараа Английн зохиолч Майк Бартлетын “Love, love, love” жүжгийг үзэгчдэд толилуулах гэж байсан юм. Харамсалтай нь, цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй. Би тэр жүжигт тоглох байлаа. Түүний дараа надад “Гэм зэм” жүжигтээ тоглох санал тавьсан ч тухайн үед киноны зураг авах ажил давхацсан учраас ажиллаж чадаагүй. Харин энэ удаа “Опал” нэртэй жүжиг хийх гэж байгаагаа хэлээд зохиолоо явуулсан юм. Гэхдээ надад аль дүрийг санал болгож буйгаа хэлээгүй. Зохиолыг уншаад Брэдфорд Винтерийн дүрийг л надад санал болгож буй болов уу гэж таамагласан. Яагаад ч юм бэ, тэр дүрийг л илүү анхааралтай уншсан. Гэтэл театрын хүний дүрийг надад оноосон. Үнэнийг хэлэхэд эхэндээ эл дүрээ сайн ойлгоогүй. Харин зохиолоо унших бүрт, сургуулилалт хийх тусам дүрээ ойлгож, улам дурлаж байна. Жүжгийн хамгийн амттай дүр. Эл уран бүтээлд Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Онон, О.Энхтуул, УДЭТ-ын жүжигчин Д.Баттөмөр, Т.Сэргэлэн, жүжигчин Т.Ариунчимэг нартай хоршин тоглоно. Тайзны уран бүтээлийн арвин туршлагатай бөгөөд өдгөө ид ажиллаж буй уран бүтээлчидтэй хамтран тоглох нь миний хувьд том завшаан. Мэдээж дүрийг өөрөөрөө дамжуулж үзэгчдэд хүргэх учраас төстэй зүйл бий. Өөр нь ч бий. Өөртэйгөө “тулалдаж” байна. Жүжгээ нээх өдөр дөхөх тусам сандарч, догдолж байна.
-Дэлгэцийн уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд “17” продакшны “Хохирогч” олон ангит киногоор үзэгчидтэй уулзсан бил үү?
-Түрүүн “Гэм зэм” жүжигт тоглох санал тавьсан ч киноны зураг авах ажил давхцаад ажиллаж чадаагүй гэж хэлсэн дээ. Тэр үед “Хохирогч” кинонд тоглож байсан юм. С.Амарсайхан ахтай анх удаа хамтран ажиллаж, түүнээс суралцах боломж гарсанд их баяртай байгаа. Тус кино ч сайн бүтээл болж, үзэгчдээс эерэг санал, сэтгэгдэл их сонслоо. “Хохирогч” бол нийгмийн, тэр дундаа хүний мөн чанарын тухай кино. Кинонд хайр сэтгэл, гэр бүл, найз нөхөд, ажил хөдөлмөр бүгд л багтсан. Гэхдээ гол нь бид өөрсдөө энэ нийгмийн хохирогч болж буй юм биш биз гэсэн асуултыг үзэгчдэд үлдээх зорилготой. Ер нь уран бүтээлээр аливаа сэдвийг хөндөхдөө цэг тавих биш, асуулт үлдээх нь хамгийн оновчтой гэж боддог. “Хохирогч”-оор яг л тэгж үзэгчдэд асуулт тавих нь манай кино багийн зорилго байсан.
-Та хэр зоригтой хүн бэ. Аливаа шийдвэр гаргахдаа хэр тээнэгэлздэг бол?
-Хувь хүний хувьд аливааг нэлээд бодож шийддэг. Тэгсний эцэст зоригтой шийдвэр гаргаж чаддаг. Нэг шийдчихвэл буцдаггүй. Хүн ер нь айдас, асуудалтайгаа нүүр тулчихсан нь шулуухан, бас амар шүү дээ. Бэргээд л, зугтаад л байвал хэзээ ч үр дүнд хүрэхгүй, улам л томорно. Бас хүнд үнэнийг нь хатуухан хэлчихдэг зантай. Энэ нь онох нь бий, буруудах үе ч бий. Харин уран бүтээлчийн хувьд нэлээд зоригтой.
-Ингэж асуусны шалтгаан нь та өнгөрсөн хугацаанд инээдмийн, уянгын, сэтгэл зүйн, адал явдалт, аймшгийн төрлийн, тэр бүү хэл эротик кинонд ч тоглож. Хэр баргийн жүжигчнээс ингэж олон төрлийн кинонд тоглох зориг гарахгүй байх.
-Уран бүтээлч хүн залуу насандаа л зоригтой алхмуудыг хийх, турших хэрэгтэй болов уу. Миний ингэж төрөл бүрийн кинонд тоглосон нь өөрийгөө сорих, үзэгчдэд өөрөөр харуулах хүсэлтэй холбоотой. Мэдээж “Опал” жүжигт тоглох болсон минь ч үүний нэг жишээ. Би аль болох л өмнө ажиллаж байгаагүй төрлийн уран бүтээлд, өөр өөр дүрд тоглохыг хүсдэг. Гэхдээ найруулагч нар надад ихэвчлэн сайн, сайхан залуу гэхчлэн эерэг дүр санал болгодог. Харагдах байдлаас минь л болдог байх. Гэтэл С.Амарсайхан ах “Хохирогч” кинонд эсрэг дүр санал болгосон учраас саналыг нь дуртайяа хүлээн авсан. Би хижээл настайдаа хүсээд ч эротик кинонд тоглож чадахгүй шүү дээ. Тиймээс залуудаа “Lovers” кинонд тоглохоор зориглочихсон. Миний хүүхдүүд ч хэзээ нэгэн цагт “Пөөх, аав минь ийм кинонд тоглож байж” гээд үзэх ч юм бил үү. Ер нь аливаа уран бүтээлийн хамгийн түрүүнд зохиолыг нь л харж тоглох, эсэхээ шийддэг. Киноны зохиол, санал болгосон дүр, уг зохиолыг дэлгэцэд “амилуулах” баг, хамтран тоглох уран бүтээлчид, тэгээд мэдээж цалин, ажиллах цаг хугацаа гэхчлэн харах, тавих шаардлага бий. “Хохирогч”-оос хойш найман киноны санал ирсэн ч заримынх нь зохиол таалагдаагүйгээс гадна өмнө нь тоглосон дүрүүдтэй ижил байсан учраас хүлээж аваагүй. Харин өнөөдрийг хүртэл инээдмийн, уянгын, сэтгэл зүйн, адал явдалт, аймшгийн гээд олон төрлийн уран бүтээлд тоглосон ч түүхэн кинонд л ажиллаж байсангүй. Тоглохыг эртнээс хүсэж яваа нэг дүр бий.
-Тэр нь ямар дүр юм бол?
-Би нэлээд хэдэн жилийн өмнөөс аутизмтай хүний дүрд тоглох сон, энэ сэдвээр уран бүтээл хийх сэн гэж бодож яваа. Энэ бол өвчин биш. Гэтэл энэ эмгэгийн талаарх ойлголт хүмүүст тэр бүр байдаггүй нь харамсалтай.
-Татгалзчихаад, дараа нь тоглодог байж гэж харамссан уран бүтээл байдаг уу?
-Одоогоор байхгүй. Тэр нь түрүүн хэлсэнчлэн аливааг нэлээд удаан, олон талаас нь бодож шийдчихээд, эргэж буцдаггүй зантай минь холбоотой байх.
-Хэчнээн киноны найруулагчаар ажиллачихав?
-2018 онд “Сэтгэлийн анир” уянгын, 2019 онд “Энгийн иргэн” эмгэнэлт инээдмийн киноны зохиолыг бичиж, найруулж үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд “Улаан уул” киноны зургийг Ховд аймгийн Мянгад сумд авч, дуусгалаа. Киноны гол дүрд 95 настай буурай тоглосон юм. Тус киногоо олон улсын наадмуудад сойхоор бэлтгэж буй.
-Одоо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж буй бол?
-Хийхээр “шатаж” буй нэг уран бүтээл бий. Уг нь “Улаан уул”-аа хийснээс хойш хэсэгтээ кино найруулахгүй байхаар шийдсэн юм. Эхний уран бүтээлүүдийнхээ үр дүнг харж, алдаа оноогоо дэнсэлчихээд дараагийнх руугаа “дайръя” гэж бодсоных. Гэтэл шинэ уран бүтээлийн санаа дотор гижигдээд тайван суулгадаггүй ээ. Би “Logic” фильмийнхэнтэй гар нийлж ажиллаад дадчихсан. Эл уран бүтээлийнхээ санааг ч тус фильмийнхэнд хэлэхэд маш дуртай хүлээж авсан. Гэхдээ эхлэх хараахан болоогүй. Эмэгтэй хүний дотоод гоо сайхны тухай өгүүлэх кино юм.