“ХАРУУДЫН НАЙЗ БОЛЬШЕВИК”
Өглөө эртлэн сэрсэн Ж.Хоролсүрэн орондоо хэвтээд байж түвдсэнгүй. Эмнэлгийн ажилтнуудыг орж ирэхээс өмнө босож, өөрийг нь насан туршдаа хайрлан, үнэнч амьдарч, бие нь чилээрхэнгүй байгаа ч зовиураа ил гаргахгүйг хичээж буй эрхэм хүнийхээ өрөөнд орлоо. “Сайхан амрав уу” хэмээн инээмсэглэн угтсангүйд гайхан орондоо хэвтэж буй түүндээ хүрвэл халуу шатаж байдаг бие нь хүйт даажээ. Дөнгөж амьсгалах төдий байсан генерал бүх насаараа хайрлаж ирсэн монгол эхнэрээ гал нь буурсан ч хайр энэрэл дүүрэн нүдээр сүүлчийн удаа харж, түүгээрээ толгойгоо түшүүлэв.
Ийнхүү мөрдлөгө, хавчлага, улс дамжин нуугдах гээд хатуу ширүүн тэмцлийн дунд ухамсарт амьдралаа Анголын тусгаар тогтнол, ард түмний төлөө зориулсан цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Жорж Алвес Пирес хар дарсан зүүд мэт олон оныг барж, сүүлийн хэдэн жил хажууд нь байж, гэрэл гэгээ авчирсан насан туршийнх нь хайрын эзэн, монгол эмэгтэйн гар дээр сүүлчийн амьсгалаа татлаа.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч энэ эрхэм 1943 онд тухайн үед Португалын колони байсан Анголд жижиг хөрөнгөтний гэр бүлд төржээ. Тэрбээр Африкийн ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцэлд амьдралаа зориулсан нэгэн юм.
“Баян чинээлэг эцэг, эхийнхээ нөмөрт, Португалдаа Комбира их сургуульд 1962 онд элсэн орж, тэр эрчээрээ явсан сан бол энэ хүн Африкийн ард түмэнтэй холбогдож, амь дүйсэн тэмцэлд эрслэн босох байсан, эсэхийг мэдэхгүй” хэмээн дипломатч, нийтлэлч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү “Төрийн захиргаа” сэтгүүлийн тусгай дугаарт “Монголын түүхнээ дуурсагдах ангол генерал” нийтлэлдээ түүний тухай дурджээ.
Жорж Пирес оюутны хөдөлгөөний идэвхтэн, колончлолын эсрэг улс төрийн жагсаал, цуглаан зохион байгуулагч байсан тул Португалд тогтсон Салазарын дэглэмийн нууц цагдаагийн байгууллагынхан түүнийг байнга мөшгөх болов. Түүнийг лицейд суралцаж байхад нь харгис дэглэмийн гар хөл бологчид “Харуудын найз большевик” хэмээн хочилж, элдвээр хавчдаг байжээ. Португалд Комбирагийн их сургуулийн эдийн засгийн факультетэд суралцаж байхдаа 16-хан настайдаа дүрвэн Марокко улсаар дамжин ЗХУ-д ирсэн юм.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчдийг мөрдөх болсон тул Анголын хөдөлмөрийн намын шийдвэрээр Жорж Пирес болон түүнтэй хамтран тэмцэгчдийг гадаадад нууцаар гаргахад тэрбээр ЗХУ-ыг сонгож, үргэлжүүлэн суралцахаар болов. Энэ улсад ирснийхээ дараа насан туршийн хайраа олсон нь монгол бүсгүй Ж.Хоролсүрэн байлаа. Тэрбээр хайр дурлалдаа үнэнч хэвээр байсаар амьдралаа түүнийхээ гар дээр төгсгөсөн юм.
Генералыг гэрээслэлийнх нь дагуу Анголд, түүний хамгийн дуртай, анхилам үнэрт акаси хэмээх модны дэргэд оршуулав. Анголын төр, ард түмэн түүнийг эх орончийн, Зэвсэгт хүчин нь генералдаа бүхий л хүндэтгэлийг үзүүлэн сүүлчийн замд нь үджээ. Энэ эрхэм цуцашгүй тэмцэгч, тууштай улстөрч төдийгүй үнэнч хайрын бэлгэдэл байлаа.
УЛААНБААТАРТ БОЛСОН НУУЦ УУЛЗАЛТ
1976 он. МАХН-ын XVII их хурлын өдрүүд тул нийслэл хот уриа лоозон, туг далбаагаар дүүрчээ. Бүхнийг удирдан чиглүүлэгч намын их хурал ийн баяр ёслол дүүрэн болдог нь монголчуудад дасал болсон дүр зураг. Олны хөл татарч, их хот амсхийсний хойно европ төрхтэй, бага насны охиноо дагуулсан нэгэн эмэгтэй “Улаанбаатар” зочид буудлын өмнө, гудамжаар үе үе явах хүний хөлөөс зайдуухан хэн нэгнийг хүлээн, догдлон зогсоно.
Бүрэнхий дундаас өндөр нуруутай, өтгөн хар сахалтай эр яаран алхсаар ирсэн нь МАХН-ын XVII их хуралд ах дүү намын төлөөлөл болон оролцож буй Анголын улстөрч, генерал Жорж Пирес байлаа. Тэрбээр хайрт эхнэр, энэ ертөнц дээрх мах цусных нь цорын ганц тасархай болсон охинтойгоо найман жилийн дараа уулзаж буй нь энэ. МАХН-ын их хуралд оролцох нь гол биш, коммунист үзэл суртлын эрхээр арга буюу хагацсан эхнэр, охинтойгоо уулзах нь Монголд ирсэн түүний гол зорилго байсан юм.
Эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас нь энхрийлж, мэндэлхэд нь дэргэд нь байж, өдөр хоногоор торниж, өөртэй нь адилхан болж байсан цор ганц охин, хайрт бүсгүйгээсээ хагацан, амьдын тамд унаад байсан энэ хүнд эл уулзалт юугаар ч сольшгүй үнэтэй болохыг түүнээс өөр хэн мэдэх билээ. Тэдэнд ярих юм их ч уулзалт удсангүй. Гудамжинд бараг хүнгүй мэт боловч тэр гурвыг хаа нэгтэйгээс ажиглаж буйг Ж.Пирес, Ж.Хоролсүрэн нар сайн мэдэж байв.
Үзэл суртлын үл үзэгдэх төмөр ханаар аргагүйн эрхэнд тусгаарлагдсан амраг хос, охиноо санан элэг нь хатаж явсан түүнийг ийнхүү тэдэнтэй нь нууцаар уулзуулсан хүн бол Ж.Хоролсүрэнгийн амьдралаа холбосон монгол нөхөр нь байлаа. Тухайн үед тогтсон үзэл суртлыг монгол эрийн уужуу ухаан, хүн чанараар давж, эхнэрээ өмнөх нөхөртэй нь, охиноо төрсөн эцэгтэй нь уулзуулсан түүгээр бахархахгүй байхын аргагүй.
Эхнэрийнх нь анхны хайр, охиных нь төрсөн эцэг намын их хуралд төлөөлөгчөөр ирсэн гэдгийг дипломат байгууллагад ажиллаж байсан тэрбээр мэджээ. Ж.Пирес МАХН-ын их хуралд ирснийхээ дараа “Эхнэр, охин минь Улаанбаатарт амьдарч байгаа. Ямар ч байсан охиноо харна” гэж бусдадаа ярьж байсан гэдэг. Их хуралд ирсэн гадаадын төлөөлөгчдөд Дуурийн театрт концерт үзүүлэх үеэр Жоржийг дагуулан гарч,тэр гурвыг уулзуулав. Ж.Пирес “Миний охиныг өсгөж хүмүүжүүлсэн, хоёр дахь эцэг нь” хэмээн түүнд их талархалтай ханддаг байжээ.
“Улаанбаатар” зочид буудлын зүүн талын гудамжаар аажуухан алхангаа ярилцсан эцэг, охин, бүсгүй гурвын уулзалт богино хугацаанд болж, өнөөх эр тэднээсээ салж ядан, эргэн эргэн харсаар харанхуйд уусан одлоо. Хэзээ дахин уулзахыг тэдний хэн нь ч мэдэхгүй бөлгөө.
ГАДААД ХЭЛ СУРАХ ХҮСЭЛ НЬ ТҮҮНИЙГ МОСКВА РУУ ТАТАВ
Ж.Хоролсүрэн уг нь Баянхонгор аймгийнх, тэднийх 1953 онд Улаанбаатар хотод шилжин иржээ. Сургууль соёл, ажил, амьдрал гэсээр нутагтаа очоогүй юм билээ. Аав нь чинээлэг гэгдэх айлын хүү байж. Нэгдэлжих хөдөлгөөн орон даяар өрнөж, олон малтай өрх нүд үзүүрлэгдэх болсон тэр цагт өвөө нь “За, цаашид мал маллаж амьдрахад бэрх цаг ирэх нь дээ” хэмээгээд ах дүүдээ мал ахуйгаасаа таслан өгч, үлдсэнийг нь амьжиргаандаа нэмэр болгохоор зарж, суурин амьдрахаар Улаанбаатар хотод ирэв.
Саяхан болтол БНСУ-ын Элчин сайдын яам байрлаж байсан намхан модон байшин бол тэр үеийн 16 дугаар сургууль. Ж.Хоролсүрэн эндээс эрдмийн гараагаа эхэлж, ахлах ангиа 14 дүгээр сургуульд дүүргэжээ.Тэр үеийг өнөөгийнхтэй харьцуулах юм биш, үзэж харах зүйл ховор. Хамгийн сайхан юм ном унших, тэр үеийнхэн ном их уншдаг байж. Иргэдээ гэгээрүүлэхэд төр, засгаас ихэд анхаарч, дэлхийн сонгодог олон зохиолыг орчуулуулан гаргажээ.
Виктор Гюго, Александр Дюма, Лев Толстой гээд сонгодог зохиолчдын бүтээлийг уншиж өссөн тэр үеийнхэн романтик, идеалист, гэгээлэг, зарчимч, үнэнч болж хүмүүжсэн юм. Ж.Хоролсүрэн ч тийм нэгэн байв. Тухайн үед хэвлэгдсэн бүх номыг уншиж өссөн, баялаг номын сантай болжээ. Аав нь төгссөн сургууль соёлгүй ч амьдралын хар ухаантай нэгэн байсан тул хүүхдүүддээ наад зах нь л “Амьдрал ядуу, өрөөл татанхай хүмүүсийг энэрдэггүй юм гэхэд зөрөөд өнгөрөхдөө хойд насандаа бие эрүүл, амьдрал нь хангалуун болж төрөхийг ерөөж бай” гэж сургадаг байсан аж. Тэрбээр аавынхаа сургасныг одоо ч мартаагүй, тийм хүмүүстэй таарах бүртээ тав арван төгрөгнөөсөө илүүчилж, дотроо ерөөл хэлээд зөрдөг хэвээрээ.
Арванжил дараалан онц дүнтэй суралцсан түүнд МХЗЭ-ийн илгээлтээр дуртай сургуульдаа орох эрхээр шагнав. Ж.Хоролсүрэн ЗХУ-д Гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний анги сонгож, I сургуулийг онц дүнтэй дүүргэсэн нэг охин Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь авсан аж. Хэлний мэргэжилтэн болохыг түүнд хэн ч зөвлөөгүй гэдэг. Сурагч байхад нь тэдний гэрийн ойролцоо Гадаад худалдааны яам байдаг байж. Тэр яамны ажилтнууд маш сайхан хувцасладаг, гадаад хүн дагуулчихсан, харь хэлээр ярилцаж явах нь түүнд их л гоё харагддаг байсан гэсэн.
Тиймээс гадаад хэл сурч, тэр хүмүүс шиг болохыг хүсдэг байсан нь дээрх сургуулийг сонгоход нөлөөлжээ. Ерөнхий боловсролын сургуулиа онц төгссөн түүнийг улсын шалгалтын комиссынхон цөмийн физикч болохыг ятгасан ч тэрбээр зүтгэсээр байж хэлний сургуулийн хуваарь авсан нь ирээдүйд амьдралын олон сорилттой тулгарах юм гэж тэр үед яахан мэдэх билээ. Арван жилийн сургуулийн сурагч нэг годгор охин Гадаад явдлын яаманд очиж тэдний нэр дээр сургуульд явах, бүр сайдтай нь уулзахыг хүсэж байсан гэхээр Ж.Хоролсүрэнг зөн совин нь тийш татаад байж. Тус яамныхан өөрийн нэр дээр сургах хүүхдээ сонгосон байсан тул түүнийг буцаажээ.
Тийм ээ, тэр хүссэн байгууллагадаа хожим ажиллаж, бүр дипломат алба хашсан юм. Энэ тухай хойно өгүүлэх болно. Гадаад явдлын яамны нэр дээр сурах боломжгүй болсон тэрбээр Дотоод явдлын яамны нэрээр явах болж, хилийн дээс алхав. Хүний амьдрал гэдэг сонин юм шүү. Нэр дээр нь ЗХУ-д суралцахаар явсан түүнийг энэ яамныхан мөрдөн мөшгөж, хайртай залуугаас нь салгаж, охиныг нь өнчрүүлэх юм гэж тэрбээр тэр үед зүүдлээ ч үгүй нь лавтай. Гэсэн ч ийм явдал болсон юм.
Сурагч байхдаа тэрбээр хөвгүүдтэй үеэрхэж, захиа занаа авч, энэ тэр болж байсангүй. Тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжил өнөөгийнхөөс өөр, үе тэнгийнхнээсээ, ахмад хүмүүсээс ичиж зовно. Их л сайндаа захидал солилцдог байсан гэдэг. Онц сурлагатан охид бүр өөр, хичээл, номноос бусад зүйлд нэг их сатаарахгүй, хөвгүүд барагтай бол тэдэнтэй ойртож зүрхлэхгүй тийм цаг байж.
ҮЗЭЛ СУРТЛЫН ҮЛ ҮЗЭГДЭХ ХАНААР ТУСГААРЛАГДСАН ХАЙР
1962 онд Москва хотын Гадаад хэлний дээд сургуульд элсэн, франц хэлний ангид нэг жил суралцаж байсан түүнийг испани хэлний ангид шилжүүлэв. Энэ нь Кубад хувьсгал гарч, тус улс социалист хөгжлийн зам сонгосонтой холбоотойгоор дээрээс ингэж шийдсэн юм. Ж.Хоролсүрэнтэй хамт тус сургуульд цөөнгүй монгол оюутан сурч байсны олонх нь дарга, сайд, Элчин сайд нарын хүүхдүүд. Хоёрдугаар курст суралцаж байхад нь буюу 1964 оны намар монгол оюутнуудын өрөөнд тас хар үстэй, өндөр сайхан залуу орж ирсэн нь түүнийг насан туршдаа хайрлаж, энэ хорвоогоос буцах хүртлээ эхнэр, охиноосоо тусгаар амьдрах учиртай байсан португал оюутан Жорж байлаа.
Тас хар үстэй, цэв цэнхэр нүдтэй хүнийг анх хараад Ж.Хоролсүрэн ихэд гайхсан гэдэг. “Шар үстэй хүмүүс л цэнхэр нүдтэй байдаггүй бил үү, хар толгойтой хүн бас ийм нүдтэй байдаг юм байх даа” гэж бодож суусан аж. Өндөр нуруутай, сайхан инээмсэглэдэг тэр залуу өрөөгөөр нь үе үе орж ирэх болсоор тэд бие биеэндээ дотносож, хайр дурлалдаа умбасаар нэг мэдэхэд хоёр жил өнгөрсөн байлаа.
“Дэлхийн сонгодог зохиол уншиж хүмүүжсэн,тийм зохиолуудад гардагчлан хайрласан л бол насан туршдаа үнэнч байх ёстой гэсэн ойлголт тархинд бат нот суусан байсан тул энэ бол залуу насны шохоорхол гэж хэзээ ч бодоогүй. Насан туршдаа хамт байх, хайрлах ёстой гэсэн бодол л надад байсан” хэмээн 70 насны босго хэдийнэ давсан ч наснаасаа хамаагүй залуу харагдах Ж.Хоролсүрэн гуай өгүүлэв.