Техникийн хөгжил дэвшлээс хоцрох дургүй хэрэглэгчдийн дунд хэдийнэ iPhone-ын дараагийн загварын талаарх олон арван асуултдаа хариулт эрэлхийлээд эхэлчихэж. Хэдийд худалдаанд гарах бол өмнөх загваруудаас юугаараа ялгаатай, ямар давуу талтай болон өөрчлөгдөх бол, тэр ч байтугай загварын нэр iPhone 6s үү, эсвэл iPhone 7 байх уу гэсэн асуултууд ар араасаа хөвөрсөөр л. Тэгвэл цахим ертөнц дэх мэдээлэл, яриаг нэгтгэн дүгнэж, “Telegraph” дараагийн iPhone-ын тааларх таамаг дээвшүүлжээ.
Хэдийд танилцуулах вэ?
iPhone-ын шинэ загваруудын танилцуулгыг ихэвчлэн есдүгээр сард хийдэг. Хэрэв та санаж байгаа бол “Apple” iPhone 5 загвараа 2012 оны есдүгээр сард олон нийтэд танилцуулж байсан бол iPhone 5s болон 5c-г дараа жилийнх нь есдүгээр сард танилцуулсан. Тэгэхээр шинэ iPhone-ын талаарх албан ёсны танилцуулгыг ирэх есдүгээр сард “Apple”-ийн мэргэжилтнүүд мэдээлэх магадлалтай.
Шинэ загвараа юу гэж нэрлэх бол?
Iphone 6-гийн хэмжээг 4.7 инчээс 5.5 инч болгон томруулаад “Plus” гэх тодотголыг нэмсэн. Ирэх есдүгээр сард танилцуулна хэмээн таамаглаж буй шинэ загвар ч энэ жишгээр iPhone 6s болон iPhone 6s plus гэх хоёр хувилбартай байх гэнэ. Тэр ч байтугай албаны бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ оны сүүлчээр iPhone 6c гэх гурав дахь загварыг ч дэлгэх аж.
Хэдийгээр мэргэжилтнүүд дараагийн загварыг iPhone 6s хэмээн таамаглаж буй ч “Apple” ажилтнуудад iPhone 7 гэх нэр ч илүү таашаагдаж мэдэх юм. Тэгэхээр танилцуулах мөч хүртэл хүлээж л байхаас.
Хэзээ худалдаанд гарах вэ?
Харилцаа холбооны “Vodafone” компаниас илгээсэн цахим шуудангаас тандахад эхний захиалгыг есдүгээр сарын 18-нд авч, долоо хоногийн дараа албан ёсоор худалдаж эхлэх төлөвтэй.
“Wall Street” сэтгүүлд нийтэлснээс харахад “Apple” шинэ загвараа худалдаанд гаргаснаар өөрсдийн шинэ дээд амжилтыг тогтоохоор төлөвлөж буй аж. Өнгөрөгч онд 70-80 сая утас борлуулсан тул тэд шинэ загварынхаа борлуулалтыг багаар бодоход 85-90 сая хувь хүргэхээр төлөвлөж байгаа гэсэн үг.
Хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дэлгэцний мэдрэгч шинэчлэгдэнэ. Урьд нь та хуруугаа нааш цааш гүйлгэж л үйлдэл гүйцэтгэдэг байсан бол Force Touch технологийн тусламжтай хуруугаараа хүчтэй эсвэл хөнгөн дарснаас шалтгаалж огт өөр үйлдэл гүйцэтгэдэг болох гэнэ. Шуурхай санах ой нь 2 гб болон сайжирч, камер 12 мегапикселийн хүчин чадалтай болох аж. Түүнчлэн сафир нүүртэй үйлдвэрлэх тул дэлгэц нь зурагдаж, гэмтэхгүй болно.