Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Үндэсний их баяр наадмаар задгай талбайд сонгодог урлагийн тоглолт хийж, “Учиртай гурван толгой” дуурийг 5000 үзэгчийн хүртээл болгон, Төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоод тун завгүй, өрнүүн ажилтай байна. Түүнчлэн бямба, ням гариг бүр дуурь, балет тогтмол тоглодог тус театрынхан өнгөрсөн сараас “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр эхлүүлж, уран бүтээлчдийн хамтарсан шинэ уран бүтээлийг толилуулдаг болсон. Австри Монголын уран бүтээлдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнөөдөр “Балетын үдэш” цэнгүүнээр үргэжилнэ. ДБЭТ-ын тайзнаа тоглодог дэлхийн сонгодог балетуудын оргил хэсгүүдийг түүвэрлэн хүргэх эл тоглолт “Сонгодог пүрэв гариг” цувралын дөрөв дэх нь юм.
Ирэх долоо хоногт гоцлол дуучид буухиаг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үзэгчдийн санал хүсэлт, тасалбарын борлуулалтаас шалтгаалан тоглолтын товыг зарлах аж. Учир нь зуны улиралд амралт, зугаалга, аяллаар хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо нэмэгддэг учраас ДБЭТ-ын байнгын үзэгчид ч цөөрөөд байгаа гэнэ.
С.Сэргэлэн