Мал сүргээ үр төлөөр баян байхыг бэлгэддэг ардын уламжлалыг Монголын төр хүндэтгэн, малынхаа тоо толгойг 1000, түүнээс дээш өсгөсөн малчдад “Улсын алдарт малчин” цол олгохын зэрэгцээ таван хошуу малын дүрс болон толгойг мөнгөөр товойлгосон самбар, 1000, 5000 ба 10000 малтан гэсэн мөнгөн үсэгтэй хувингаар шагнадаг байжээ. Өнгөрсөн зууны түүхийн илэрхийлэл болсон нэгэн үзмэр өдгөө Монголын үндэсний музейд байдаг юм. 5000 буянт малын буян хишгийг тодруулсан энэ хувинг Монголын гар урчууд Хөдөө аж ахуйн яамны захиалгаар 1945 оноос хойш хийх болжээ. Урчуудын артелийн уран дархан Гүнд, Лхамсүрэн нар эл хувинг урласан аж.
Та бүхний харж буй 5000 малтан гэсэн мөнгөн бүслүүртэй хувин Хувьсгалын музейн (хуучнаар) гоц, түүх соёлын үнэт үзмэрийн жагсаалтад багтдаг байсан бөгөөд 2001-2002 онд АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Археологи, Антропологийн музей, Вашингтон дахь Байгалийн түүхийн үндэсний музей, 2003 онд Тайвань улсын Тайпей хотын Тайваны түүхийн үндэсний музейд гарсан үзэсгэлэнд оролцож, олон орноор “аялсан” алдартай дурсгал юм. Хувин 4.8 кг жинтэй, 33х25.5 см хэмжээтэй аж.
Ж.Сэлэнгэ