“Учиртай гурван толгой” дууриар сонгодог урлагийн үдэш, бүх оддын тоглолтоор рок попоор амьсгалуулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн Чингисийн талбайд зохион байгуулсан арга хэмжээнүүдийг хааж “Улаанбаатар свинг үдэш” фестиваль боллоо.
Өчигдөр төв талбайд болсон жазз хөгжмийн фестивальд Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид жазз хөгжмийг эгшиглүүлж, Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнд гурав дахь удаагаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон “Стар” хамтлагийн бүжигчид “Swing” бүжгийн хэмнэлийг мэдрүүлж , Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар дэлхийн алдарт уран бүтээлүүдийг дууллаа.
“Улаанбаатар свинг үдэш” фестивалийг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл “Сүүлийн сар гаруй хугацаанд Улаанбаатар хот Төв Азийн соёлын төв болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. “Play time” амьд хөгжмийн наадам, “Best of classics” сонгодог урлагийн үдшээс эхлээд энэ олон арга хэмжээг үзэж сонирхсон хүмүүс манай улсын соёл урлаг аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрчээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Би өөрөө ч хэсэг хугацаанд соёлын шоконд орсон. “Учиртай гурван толгой” сонгодог дуурийг анх удаа задгай талбайд тоглосон нь олон хүнд хүрч, үндэсний урлагаараа бахархах бас нэгэн боломж болж чадлаа” хэмээн онцолсон.