Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Херо” энтертайнментийн хамт олон баримтат киноны ажилд ханцуй шамлажээ. Энэ талаар тодруулахаар тус энтертайнментийн захирал Б.Баатартай холбогдлоо.
- Сайн байна уу? “Утасны анд” байна. Та яг одоо хаана ямар ажлаар явж байна вэ?
-Бид Өндөр гэгээний тухай баримтат кино хийхээр ажилдаа ороод байна. Яг одоо Амарбаясгалант хийдэд киноныхоо зургийг авч байна.
-Шинэ бүтээл тань ямар онцлогтой байх вэ?
-Өндөр гэгээний түүхэн гавьяаг бодитоор үнэлж дүгнэсэн ажил төдийлэн хийгээгүй байдаг юм байна. Бид Өндөр гэгээний мэндэлсний тэгш ойг хурдан эрийн гурван наадам хийх маягаар л тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Түүний тухай бүтээсэн баримтат киноны кадруудад ч уран бүтээлч, бурхан урлаач гэдэг талаас нь л харуулсан байдаг. Тиймээс 380 жилийн ойг тохиолдуулан хийж буй кинондоо бид Занабазар агсныг төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, шашин номын тэргүүн, уран бүтээлч гэсэн дөрвөн өөр өнцгөөс харуулахаар ажиллаж буй. Төвд монгол судлаач эрдэмтдийн олон жилийн судалгааны ажлыг дэлгэцийн урлагт буулгах тул түүхэн баримт, судалгааны дүгнэлтүүдийг өгүүлэх шинжлэх ухааны бүтээл болох юм.
-Кино хэдийд дэлгэцнээ гарахад бэлэн болох бол?
-Намрын зураг ганц нэгийг оруулах учиртай. Тиймээс ирэх аравдугаар сард бэлэн болох байх.
-Киногоо аль телевизүүдээр гаргах вэ?
-Баримтат кино боломжтой бүх сувгуудаар нэвтрүүлж, үзэгчдийн хүртээл болгоно. Мөн BBC, NHK телевизээр гаргахаар төлөвлөж байна.
-BBC, NHK телевизүүдээр гаргахаар гэрээ хийчихсэн гэсэн үг үү?
-Одоогоор бичгээр гэрээ хийгээгүй, ярилцаж байна.