Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл, БНСУ-ын МЕТАА байгууллага хамтран найм дахь жилдээ зохион байгуулж буй Соёлын наадмын нээлт өнөөдөр Хүй долоон худагт боллоо. “Сэрсэн тал” нэртэйгээр зохион байгуулагддаг эл арга хэмжээнд 300 гаруй хүн оролцож, наадамчин олноо үндэсний өв соёлтойгоо танилцан, дуу хуурын аялгуун цэнгэн наадах боломж олгодог юм. Энэ жил тэд СУИС-ийн шилдэг уран бүтээлчдийн тоглолт болон өөр өөрийн онцлогтой дэд өртөөгөөр аялуулан соёлын наадмаа зохион байгуулж байна. Аварга том дөрвөн бэрх, монгол гутал, монгол цоож, тоорцог гэх мэт аварга баримлуудын дэргэд гэрэл зургаа авахуулж, үндэсний тоглоом наадгайгаар тоглож, ноос саваж, сур элдэн, уран бичээчээр дурсгалын үгс бичүүлэх боломж энд л бүрджээ.
Бидэнд уламжлагдан ирсэн хэдий ч суурин соёлтой хотын иргэдийн өдөр тутмын хэрэглээнд тэр бүр байхаа больсон олон өв соёлыг энд үзэж, мэдэрч, өөрөө оролцох боломжтой нь наадмын шинэ өнгө төрх болно.
Соёолон харж, соёлоороо бахархахыг хүссэн хүн бүр маргааш Хүй долоон худгийг зорьж, тэдний бэлдсэн соёлын наадамд оролцох боломжтой.
Өнөөдөр Соёлын наадмын хуаранд тууль хайлж, амьд хөгжмийн тоглолт болж, үдшийн бүрийн хүртэл наадамчдаа баярлуулах аж.