Португалийн хөлбөмбөгчин Роналду энэ сарын 8-нд Токиогийн гоо сайхны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг MTG компанийн нэгэн арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр түүнд “өөрийг” нь танилцуулсан аж.
Тодруулбал, Роналдугийн дүрээр бүтээсэн робот харуулсан байна. Төмөр “залуу” найз нь өөрийг нь дуурайн нүдээ анивчиж байгааг харсан Роналду “Нүдэндээ ч итгэмээргүй юм. Адилхан болоогүй байна гэвэл худлаа хэлсэн болох байх. Үнэхээр адилхан болжээ. Гайхалтай, надад таалагдаж байна” гэжээ. Робот хувилбарыг Холливудын “Legacy effects” студи болон гурван хэмжээст бүтээл туурвидаг “Stratasys” компани хамтран бүтээсэн аж.
Гаднах төрх нь хүнтэй төстэй, нүдээ анивчдаг, булчин нь жинхэнэ юм шиг харагддаг гэнэ. Хөлбөмбөгчин залуу тус компанийн шинэ бүтээгдэхүүн “Six pad”-ын нүүр царай болж байгаа юм. Уг бүтээгдэхүүн нь булчингийн дасгалын төхөөрөмж юм байна.
Д.БАДМААРАГ